М.Нямлхагва: Сэлэнгэ аймгийнхаа хэмжээнд дугуйн спортын мастерууд, зэрэгтэй тамирчдыг төрүүлэхийн төлөө зүтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-12 21:32:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ нутагтаа нийтийн биеийн тамир, тэр дундаа дугуйн спортыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хүч хөдөлмөрөө зориулан яваа “Дугуйтай-Сэлэнгэ” клубийн тэргүүн М.Нямлхагватай уулзаж ярилцлаа.


-“Дугуйтай -Сэлэнгэ” клубийн сүүлийн үед явуулж байгаа үйл ажиллагаанаасаа сонирхуулна уу? Саяхан гадаад аялал зохион байгуулсан гэсэн?

-Бид Монголын Дугуйн холбооноос зохион байгуулж байгаа улсын чанартай уралдаан тэмцээнд оролцохоос гадна дугуйтай аяллыг зөвхөн эх орондоо биш, хил нээгдсэнтэй холбогдуулан хөрш зэргэлдээ орос, буриадын дугуйчидтай холбогдон хилийн чандад 3 дахь удаагаа зохион байгууллаа. Бидний энэхүү аялалд Сэлэнгэ аймгийн дугуйчдаас гадна Дорнод, Хөвсгөл, Өвөрхангай, Улаанбаатар хотын олон клубийн дугуйчид  ирж оролцож байгаад бид маш их баяртай байна.

Дугуйн спортоор хичээллэвэл өдрөөс өдөрт эрүүлжин, эрч хүчтэй болж, амьдрал маань улам утга учиртай болж байгааг мэдрэх болно. Дугуй бол аялангаа амардаг гайхалтай гоё хобби юм даа. Бид саяхан 5-р сарын 7-ны өдөр Хиагт хотын захирагчийн урилгаар  Хиагт хотоо тойрсон 25 км-ийн жийлтэд оролцоод ирсэн. Орос, Буриадын дугуйчид биднийг сайхан хүлээн авч, халуун дулаан яриа өрнүүлэн цаашид хамтран ажиллах талаараа ярилцсан. Энэ удаагийн аялал маань Ялалтын баярын үйл ажиллагаатай давхацсан учраас бид Сэлэнгэ аймгаа, Монголын дугуйн холбоогоо төлөөлж оролцоод ирлээ.

-Сэлэнгэ аймагт нийтийн биеийн тамир, цаашлаад дугуйн спортыг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах үйлсэд өөрийн тань оруулж буй хувь нэмэр нэлээд их байгаа бололтой. Энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурдвал?

-Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд дугуйн спорт үнэхээр чухал үүрэгтэй. Дугуй унаснаар бие, сэтгэл хоёулаа хамтдаа эрүүлждэг онцлогтой. Байгалийн сайханд, эрүүл агаарт унаснаар тархи толгой өвдөхгүй, даралт ихдэхгүй, стресс ядаргаа тайлагдана. Мөн хоол боловсруулах эрхтнүүд сайжирдаг. Мөн хөл, гарын, гуяны, өгзөгний булчингууд чангарч, үлбэгэр сулбагар, эрч хүчгүй байдал арилдаг. Түүнчлэн нурууны болон үе мөчний өвчинд дарлуулахгүй эрүүл сайхан болно...гээд маш их ач тустай. Бас залуу нас, ур чадвар, хөдөлгөөний уян хатан байдлаа сайн хадгалж чадна. Дугуйн спортоор хичээллэснээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо хэвийн болдог. Ингээд дурдаад байх юм бол олон ач холбогдол, үр дүнг тоочих болно. Иймээс хүмүүсийг “Зүгээр л дугуй уна, жий, та өөрөө мэдрэх болно” гэж хэлмээр байдаг даа.

-Аймаг орон нутгийн удирдлагууд танай клубийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдгээ амалсан байсан. Тухайлбал ямар чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцсан бэ?

-Бидний явуулж байгаа үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Оюун, БОАЖГ-ын дарга Д.Түвшинтөгс, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн, сумын ЗДТГ-ын дарга н.Сарантуяа, аймгийн БТСГ-ын дарга Б.Батмөнх нарын зэрэг аймаг, сумын удирдлагууд маань дэмжиж, тусалж, хамтран ажиллаж байгаад бид  маш их баяртай байгаа. Биднийг дэмжиж тусалж байгаа дээрх удирдлагуудад баярлалаа гэж хэлмээр байна. “Бид хичээнээ, та бүхэн минь дэмжээрэй” Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Нэг үг байдаг даа. Хичээж байгаа хүнийг дэмжээд өгвөл бүр сайн гэж. Бид яг энэ зарчмаар хамтран ажиллаж байгаа учраас манай клубийн үйл ажиллагаа, гадаад, дотоодын аялал маань амжилттай, олон түмэнд хүртээмжтэй байгаа. Энэ онд хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа.

-Мэдээж бэрхшээлгүй амархан бүтэх зүйл гэж байдаггүй. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд өөрийн тань баримталдаг гол зарчим юу вэ?

-Аливаа ажлыг явуулахад мэдээж хүндрэл бэрхшээл тулгардаг. Үүнийг хамтын хүч, зорилгодоо тууштай, үнэнч байдлаар л даван туулж, ялалт амжилтад хүрдэг дээ.

-Ер нь ажиглаад байхад эмэгтэйчүүд их дайчин, аливаа юманд тууштай, зүтгэлтэй юм шиг санагддаг. Өөрийн тань хийж байгааг харж байхад энэ бас нотолгоо ч болоод байх шиг. Клубийн тамирчдын хэдэн хувьд нь эмэгтэйчүүд байгаа вэ?

-Манай клубт эмэгтэйчүүд их бий, эрчүүдээсээ дутах юм байхгүй, яг л эн тэнцүү явна шүү дээ.

-Гадаад болон дотоод аяллын онцлог, ялгаа юу вэ?

-Гадаад, дотоодын аялалд ялгаа нь гэвэл тухайн орны хэлийг эзэмшсэн, ажлаа явуулахад хүндрэл бэрхшээлгүй л байх шаардлагатай. Манай клубийн хувьд гэвэл хил, гаалийн ажилтнууд олонтой, хэлний бэрхшээл, хүндрэл байхгүйгээрээ их онцлог, давуу талтай байдаг.

-Клубийн тамирчдын оролцоо хэр байна. Мэдээж насны ангилал энд байхгүй юм шиг харагдсан?

-Манай клубт янз бүрийн насны хүмүүс байдаг. Клуб маань дотроо “аялагч залуус” гээд сургуулийн насны хүүхдүүдийн групптэй. Тэд ахлахуудтай. Бас Ахмадын групптэй. 3 насны ангиллаар боловч аливаа уралдаан тэмцээнд орох, аялалд явахад бөөндөө л нийлээд явчихдаг. Очсон хойноо л нас насаараа орцгоож амжилт гаргасаар байгаа.

-Таны цаашдын том зорилго нууцгүй бол?

-Цаашид хийхээр төлөвлөж байгаа олон сайхан ажлууд бий. Бид өнөөдөр Сэлэнгэ аймгийнхаа хэмжээнд дугуйн спортын мастерууд, зэрэгтэй тамирчдыг төрүүлэхийн төлөө зүтгэж байна. Монголынхоо дугуйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ Сэлэнгэ аймгаа Монголын Дугуйн холбооны нэр хүндтэй клубтэй шилдэг аймаг болгохын төлөө зүтгэж байна. Бид хүүхэд залуучуудаа дугуйн спортод  зөв, сайхан сургахын тулд Сүхбаатар сумынхаа төвийн ЕБ-ын 6 сургууль дээр очиж дугуйн спортод дуртай хүүхдүүдийг бүртгэн авч, тэдний дунд сургалт явуулж, эцэг эхтэй нь уулзаж ярилцан, тулж ажиллаж байгаагаараа бас их онцлогтой.

Энэ ажилд Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, биеийн тамирын багш нар их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Сэлэнгэ аймаг маань аялал жуулчлал хөгжүүлэхэд үнэхээр тохиромжтой, үзэсгэлэнтэй байгальтай нутаг. Бидний хөрш зэргэлдээ орос, буриадын дугуйчид маань бас наашаа ирж, манай энэ сайхан нутгийг минь үзэж сонирхож, байгалийн үзэсгэлэнт газруудаар хамтарсан жийлт хийхээр төлөвлөж байгаа. Мөн Улаанбаатар хотын нэлээд олон клуб, бусад аймаг орон нутгаас бидэнд бас хүсэлт ирж байгаа. Сэлэнгэ аймгийн байгалийн сайханд хамтран дугуйгаар  жийх, аялах.

Манай клуб энэ онд хийхээр олон ажил төлөвлөсөн. Үүнийгээ дэс дараалан хэрэгжүүлээд явж байна. Бидний ажил Монголын Дугуйн холбооны нээлтийн уралдаанд оролцохоос эхэлсэн. Өнгөрсөн 3-р сарын 12-ны өдөр бид энэ тэмцээнээс аймагтаа 3 хүрэл, 1 мөнгөн медальтай ирсэн. Энд 25 клубийн 177 дугуйчин оролцсон тэмцээн болж, бид 3-р байрт орсон амжилтаар гараагаа эхэлж, Сэлэнгэ нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваадаа баяртай байгаа.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. 



Related news