Каннын кино наадам эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-05-17 11:54:59

ПАРИС. /TASS/. Каннын олон улсын кино наадам Францын Номин эрэгт өнөөдөр эхэлнэ. 


75 дахь удаагаа зо­хиог­дож буй наадмыг Францын найруулагч Мишель Хазанавичусын "Final Cut" киногоор нээнэ. Энэ кинонд Тель-Авив хотын захад орших тансаг байшиндаа еврей цагаачдын байр нээхээр шийдсэн залуу бэлэвсэн эмэгтэйн тухай өгүүлдэг байна.


Нээлтийн ажиллагааг Францын жүжигчин Виржини Эфира хөтлөх бөгөөд тэрбээр анх удаа хөтлөгч хийх юм. Наадмын шүүгчдийн даргаар жүжигчин Винсент Линдон сонгогджээ. Тэрбээр 2009 онд жүжигчин Изабель Хупперт шүүгчдийг тэргүүлж байснаас хойш шүүгчдийг даргалсан анхны франц хүн болох юм.


Кино наадмын комисс энэ удаад 2000 гаруй киноноос 47 киног хөтөлбөртөө оролцуулахаар сонгожээ. Эдгээрээс 18 киног үндсэн шалгаруулалтад шилж авсан бөгөөд Оросын найруулагч Кирилл Серебренниковын "Чайковскийн Эхнэр" хэмээх шинэ кино багтжээ. Энэ бол Серебренниковын үндсэн уралдаанд шалгарсан гурав дахь кино юм.


Наадмын “Алтан дал­дуу мод”-ны төлөө мөн Канадын найруулагч Дэвид Кроненбергийн “Crimes of the Future”, Бельгийн ах дүү найруулагч Жан Пьер болон Люк Дарденны “Tori and Lokita”, Японы найруулагч Хироказү Кореэдагийн “Брокер”, Өмнөд Солонгосын Пак Чан Укагийн “Decision to leave” зэрэг кино өрсөлдөнө.


Энэ жил Украины байдлын улмаас наадмыг зохион байгуулагчид ОХУ-ын албан ёсны төлөөлөгчдийг хүлээж авахгүй байхаар шийджээ.


Наадмын 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулагчид “Алтан далдуу мод”-ны шинэчилсэн бөгөөд цорын ганц хувилбарыг хийлгэхээр Швейцарын үнэт эдлэлийн урчуудад захиалсан байна.


Каннын анхны кино наадам Францын Номин эрэгт 1946 онд болж байв. Харин хоёр удаа буюу 1948 болон 1950 онд төсвийн мөнгө хүрэлцээгүйн улмаас тасалдаж байжээ. 


Кино наадам тавдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ. 

Related news