Номын баярт Увсынхан идэвхтэй оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-05-20 20:54:30

Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ивээл дор 31 дэх удаагийн номын баярыг “Илүү их уншъя” уриан дор орон даяар нэгэн зэрэг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг аймгийн Төв номын сангаас ЗДТГ, Соёл, урлагийн газар, Улаангом сумын ЗДТГ болон бусад төрийн байгууллагатай хамтран Гиваан баатрын талбайд өнөөдөр хийлээ.

Энэ үеэр үндэсний хэл, бичиг болон номтой холбоотой олон талт үйл ажиллагааг иргэд, уншигчдын дунд зохион байгуулсан юм. Тодруулбал, ховор ном, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, номын тэмдэглэлийн үзэсгэлэн, тэгш ой тохиож буй зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэн төрөл бүрийн материалаар бүтээсэн номын хавчуурга болон бусад зүйлсийн үзэсгэлэн, худалдаа, хуучин номын худалдаа, хувийн номын сантай айл өрх, иргэдийг сурталчлах, урамшуулах зэрэг ажлыг зохион байгуулсан юм. Мөн номын азтантай сугалаа, шинэ номын нээлт, зохиолчийн гарын үсэгтэй номын худалдаа, үндэсний бичгийн бүтээлийн үзэсгэлэн, худалдаа, “Монгол бичгийн сайхан бичигтэн-2022” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

Тэрчлэн үлгэрийн баатруудын жагсаал, урлагийн тоглолт, уран уншлага, ном хэвлэлийн хүрэлцээ хангамжийн болон уншигчдын сэтгэл ханамжийн судалгаа авах, ном хандивлах, бэлэглэх, номын санд ном хандивласан хувь хүн, албан байгууллагыг сурталчлах, урамшуулах, тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн, "Номын сайн нөхөр" тэмдэгтний болзол хангасан уншигчдын шагнал гардуулах, үндэсний гар урлал, монгол бичгийн худалдаа, номын сангийн үйлчилгээ, бийр бичгийн уралдаан зэрэг үйл ажиллагаа боллоо.

Энэхүү өдөрлөгт Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургуулийн Э.Энхцэцэг багштай 11а, 11б, 11в, 11д ангийн сурагчид идэвхтэй оролцсон юм.

Ном шимтэн уншдаг иргэдэд шинэ мэдээ мэдээлэл өгөх, ном унших боловсрол, бүтээлчээр унших идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон сайхан ажлыг зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд Увсынхан идэвхтэй оролцлоо.


Related news