Дурангийн мэс заслыг орон нутагтаа хийдэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-24 11:55:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдэд үзүүлэх мэс заслын тусламж үйлчилгээнд анагаах ухааны дэвшилтэт технологи дурангийн мэс заслыг суурьшуулж, улсын төсвийн 296 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэвлийн хөндийн мэс заслын багаж, тоног төхөөрөмжийг АНЭ-т хүлээлгэн өглөө. Улмаар анхны хагалгааг УИХ-ын гишүүн, хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнгээр ахлуулсан баг АНЭ-ийн эмч, ажилтнуудтай хамтран хийв.


АНЭ-ийн мэс заслын тасаг жилд 1000 гаруй иргэнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилд 200 орчим цөсний хагалгаа орохоос 50-60 нь өөрийн хүсэлтээр дурангийн хагалгаа хийлгэхээр Улаанбаатар хотыг зорьдог байжээ. Харин дээрх хагалгааг ийнхүү орон нутагтаа хийдэг болсноор энэ урсгалыг зогсоож, иргэдийн хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэх боломж бүрдэж буй юм.

Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёлолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн, Монгол Улсын Төрийн шагналт, хүний гавьяат эмч О.Сэргэлэн, С.Эрдэнэ, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор профессор Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн н.Ганболд, аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал, ЭМГ-ын дарга П.Болормаа, АНЭ-ийн дарга Д.Мөнхзул болон салбарын ажилтнууд оролцсон юм.


Эрүүл мэндийн дэвшилтэт, шинэ технологийг Сүхбаатар аймагт нэвтрүүлэх ажил биелэлээ олж байгаад туйлын баяртай байна. Дурангийн мэс заслыг нэвтрүүлж чадаагүй хоёр аймаг үлдээд байсан. Хэдийгээр бусад аймгаас хожуу нэвтрүүлж байгаа ч энэ ажлыг эхлүүлнэ гэдэг маш том амжилт. Иргэдэд үзүүлэх мэс заслын эмчилгээг ямар нэг өвдөлт, шаналалгүй үзүүлж хурдан тэнхрэх, цаашлаад эмнэлгийн ор хоногийн тоог цөөлөх зорилтын хүрээнд эдгээр тоног төхөөрөмжийн ач холбогдлыг гаргаж, үр дүнтэй ажиллах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн, хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн онцолсон юм.


Сүхбаатар аймаг улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт оновчтой зарцуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад онцгойлон анхаарч ажилладаг. Үүнд Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн болоод энэ нутгаас гаралтай олон гишүүний дэмжлэг, идэвх санаачилга их бий. Үүний нэгээхэн жишээ бол энэхүү дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг олгож буй явдал юм. Энэ бол бид бүхний олон жилийн хүсэл байсан. Өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж байгаад таатай байна. Аймаг орон нутгийн маань хүн ам өсөж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Ирэх жилүүдэд улсын төсийн хөрөнгө оруулалтаар Баяндэлгэр, Баруун-Урт суманд шинээр ЭМТ барьж ашиглалтад оруулна. Мөн хэдхэн хоногийн өмнө аймгийн ИТХ-ын хурлаар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн нь 1992 онд ашиглалтад орж, өдгөө багтаамж, өрөө тасалгаа хүрэлцэхгүй болсон, барилгын чанар муудсан зэргээс шалтгаалан энэ жилийн төсөвт АНЭ-ийн шинэ барилгын зураг төсвийг хийлгэж, газрыг нь төлөвлөх ажлыг эхлүүлээд байна. Цаашлаад холбогдох хүмүүстэй хамтран эмнэлгийн шинэ барилгатай болохоор зорин ажиллаж байна гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал онцлов. 

Related news