Мах экспортлох эрхтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-02 12:23:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас гадаад руу мах экспортлох эрхтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, нарийвчилсан хяналт шалгалт хийнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцуулав.


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мах бэлтгэх үйлдвэрүүдийг шалгах ажлын багийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан. Уг ажлын багт ХХААХҮЯ, ГХЯ, МХЕГ, ЦЕГ, ШӨХТГ, ГИХГ, НЗДТГ-ын төлөөлөгч багтсан байна. Тус багаас өнөөдөр хэвлэлийн хурал хийх үед Шадар сайд дээрх мэдээллийг онцолсон юм.


Монгол Улсаас гадаад улсууд руу мах экспортлох эрхтэй 60 аж ахуйн нэгж байгаагаас 31 нь БНХАУ руу мах гаргах эрхтэй аж. Ажлын баг 14 хоногийн хугацаанд дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах аж. Стандартад нийцэж байгаа бол үйл ажиллагааг нээж, зөрчилтэй бол хуулийн хүрээнд хариуцлага тооцож, стандарт хангуулах ажлыг зохион байгуулна гэдгийг тэрбээр онцолсон юм.


Шадар сайд С.Амарсайхан, “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газраас хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомжийг сайжруулах, иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэхэд анхаарч ажиллаж байгаа” хэмээв.


Ташрамд дурдахад, МХЕГ-аас өнгөрсөн сарын 10-наас Эмээлтэд байрладаг мах боловсруулах 32 үйлдвэрт шалгалт хийж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ.


Мэдээллийн дараа сэтгүүлч нар Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон холбогдох албаныхнаас асуулт асуув.


-Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдэд өмнө нь шалгалт хийж байсан уу. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд экспортод мах гаргаагүй. Ийм байхад экспортод гаргах зориулалтаар мах нийлүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл юм биш үү. Энэ мэдээллийг өгсөн мэргэжлийн хяналтынханд хариуцлага тооцох уу?

-Шадар сайд С.Амарсайхан: Мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт шалгалт хийх ёстой. Ялангуяа хүнсний үйлдвэрүүд, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудалд. Хяналт шалгалтаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар хийдэг. Өнгөрсөн сарын 10-наас эхлэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байгаа. Би өнгөрсөн сарын 27-нд МХЕГ-ын удирдлагуудтай уулзаж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зөвхөн мах бус хүнсний бүх үйлдвэрүүдийг шалгах, хууль, дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцохыг үүрэг болгосон, нэгдүгээрт. Хоёрдугаарт бол энэ асуудлыг олон нийтэд нээлттэй мэдээлэхийг үүрэг болгосон. Эмээлт орчмын махны үйлдвэрийн асуудал олон жилийн өмнөөс яригдаж байгаа. Энэ асуудалтай үе үеийн мэргэжлийн хяналтын удирдлага, шат шатны байгууллагуудын удирдах албан тушаалтны нэр холбогддог асуудал ч бий. Тиймээс мэдээллийг ил тод, нээлттэй байлгаж, олон нийтийн хяналт дор энэ асуудлыг цэгцлэх ёстой. ХХААХҮ-ийн сайд ч Засгийн газрын хурлаар ч энэ асуудлыг танилцуулсан. Өмнө нь хяналт шалгалт хийж байсан ч хангалтгүй байсан. Тиймээс МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагуудыг өөрчилж, саяхан шинэ удирдлагуудыг томилсон. Үүнд ч төрийн тэргүүнээс эхлээд онцгой анхаарч байгаа.


-Шалгалт хийх гэж байгаагаа олон нийтэд зарлахгүй байж болдоггүй юм уу. Тэнд байгаа аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээ хийж, асуудалтай бүтээгдэхүүнээ тээвэрлэж байгаа гэдэг мэдээлэл байна?

-Шадар сайд С.Амарсайхан: Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байгаа гэдэг мэдээлэл явдаг. Шалгалт дууслаа л гэдэг. Тэгээд л мартагддаг. Тиймээс олон нийтэд нээлттэй зарлаж, иргэдийн хяналт дор шалгалт хийх шаардлагатай гэж үзсэн. Цаашид бүх талын хяналтыг тавьж байж олон жилийн алдаа завхрал, ашиг хонжоо хайж асуудалд ханддагийг таслан зогсооно.


-Нийслэл рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсан 8 тонн мах илрүүлсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-МХЕГ-ын дарга Б.Баасандорж: Шалгалтын ажил үргэлжилж байгаа. “Өргөө Мийт Трейд” компанийн асуудал. Тодруулбал, дулааны аргаар боловсруулсан, тус бүрийг нь  20 кг-аар савласан шошгогүй 464 хайрцаг буюу 9.3 тонн мах, мөн 20 кг-аар савласан, шошгогүй дайвар бүтээгдэхүүн 21 хайрцаг буюу 800 кг орчим байсан. Энэ бүхнийг холбогдох лабораториудад дээж аваад хүлээлгэж өгсөн байгаа.


-Мах экспортод гаргах эрхийг хэрхэн өгдөг вэ?

-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Мах экспортод гаргах эрхийг ХХААХҮЯ эсхүл МХЕГ өгдөггүй. Мах экспортод гаргах хүсэлтээ ХХААХҮЯ-нд хүргүүлсэн аж ахуйн нэгжид МХЕГ дүгнэлт гаргадаг. Үүнийгээ БНХАУ-ын гаалийн байгууллагад уламжилдаг. Хоёр улсын экспорт, импортын мах махан бүтээгдэхүүнд тохирсон протоколоор импортлогч орон зөвшөөрөл олгодог. Энэ хүрээнд БНХАУ-ын гаалийн байгууллага Монголын 60 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон байна.


-Нөөцийн маханд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Энэ жил нийслэлийн хүн амын хэрэгцээний нөөцийн махыг 23 аж ахуйн нэгж бэлтгэсэн. Эдгээр аж ахуйн нэгж стандартын шаардлага хангасан агуулахад шинжилгээгээр баталгаажсан мах нөөцөлж байгаа. Нөөцийн махны борлуулалт ил тод явж байгаа.


-Мах боловсруулах үйлдвэрүүдэд ямар шаардлага тавьдаг вэ?

-МХЕГ-ын дарга Б.Баасандорж: Зөвшөөрөл өгөхдөө аюулгүй байдал, үйлдвэрийн орчин, мал эмнэлэг, аруйн цэвэр, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологи хангаж байгаа эсэхийг харгалзан үздэг. Ингэхдээ Монгол Улсын MNS60:23, MNS63:68, олон улсын GMPHP стандартын дагуу хяналт тавьж байгаа. Энэ стандартыг ягштал биелүүлэх ёстой 173 аж ахуйн нэгж байгаа бөгөөд хяналт шалтгалт хийж байгаа. Үүний дараа нэгдсэн байдлаар танилцуулна.

Related news