Бөөр, шээс дамжуулах замын мэс заслыг чанартай үзүүлэх боломж бүрдлээ

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-09 08:26:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг Герман Улсын KARLZ storz брэндийн бөөр, шээс дамжуулах доод замын дурангийн хагалгааны иж бүрэн аппараттай боллоо.

Тус тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр нийлүүлсэн бөгөөд нээлтийн ажиллагааг энэ сарын 8-ны өдөр хийв.

Тухайн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглахыг заах зорилгоор Улаанбаатар хотоос Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний мэс заслын их эмч Г.Ганболдоор ахлуулсан эмч, сувилагчдын баг Өлгий хотод ирсэн. Тэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулж, Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч нартай хамтран үзлэг, хагалгаа хийж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь орчин үеийн дурангийн хагалгааны тоног төхөөрөмжтэй болсноор орон нутагт бөөр, шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх боломж бүрдэж байгаа.

Мөн дурангийн хагалгаа нь нээлттэй мэс засалтай харьцуулахад өвчтөн эмнэлэгт хэвтэх хугацаа бага, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэнэ, гоо сайхны хувьд давуу талтай байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Related news