“Эвийн өргөө-Энхийн гүйлт-2022” галт бамбарыг Алтай хотноо хүлээн авлаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-06-09 16:14:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Эвийн өргөө-Энхийн гүйлт-2022”-ын галт бамбарыг Говь-Алтай аймгийн Алтай хотноо хүлээн авлаа. 

Галт бамбарыг зургаадугаар сарын 7-нд аймгийн угтах хаалганаас гүйгчдээс аймгийн ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ болон Биеийн тамир спортын газрын хамт олон, Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар нар хүлээн авч төв зам дагуу буухиалж Жанчив баатрын талбайд бадрааалаа. Мөн үеэр Есөнбулаг сумын ЗДТГ-аас Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат "Эвийн өргөө-Энхийн гүйлт"-ийн гишүүн н.Отгонбаярыг Алтай хотын хүндэт тэмдгээр шагнаж урамшуулав.

Дэлхийн улс орнуудад энх тайван, амар амгалан, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан Шри Чинмойн санаачилсан галт бамбарыг буухиалах “Эвийн өргөө-Энхийн гүйлт” манай улсад болж байна. Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцож байгаа аж.

Энэхүү гүйлт нь манай орны 21 аймаг болон 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг туулах юм. Гүйгчид галт бамбарыг буухиалахдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах ач холбогдолтой. “Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялжээ.