"Аажуу явбал аяндаа хүрнэ” нөлөөллийн аян эхлэв

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-20 17:46:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас орон даяар зохион байгуулж буй "Аажуу явбал аяндаа хүрнэ” үйл ажиллагааны нээлт Мандалговь хотноо боллоо.  Тус үйл ажиллагааг энэ оны 6 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20 хүртэл 3 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулах ажээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Т.Батжаргал болон Цагдаагийн газрын алба хаагчид, Нэгдсэн эмнэлгийн ажилчид, авто жолооны курсын төлөөлөл, таксины жолооч нар, иргэд оролцов.  

Дундговь аймгийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн осол 13 бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 85,7 хувиар өссөн байна. Ослын улмаас 4 хүн амиа алдаж, 10 хүн бэртэж гэмтжээ. Өнгөрсөн оны 6 дугаар сарын байдлаар тус аймагт нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд бэртсэн хүний тоо энэ жил 2 дахин өссөн аж. 

Энэ үеэр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд байгууллага, хүн бүрийн оролцоо, дуу хоолой чухал шаардлагатай учир энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас гаргах мэдээлэл, сэрэмжлүүлгийг цааш нь түгээж, замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа хангаж, анхааралтай оролцохыг аймгийн Цагдаагийн газраас иргэдэд уриаллаа. 

Related news