Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих эсэхийг иргэдээс асууж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-20 18:31:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Х.Баделхан, Б.Бейсен нар тойрогтоо ажиллаж байна.

УИХ-ын гишүүд өнөөдөр Өлгий хотын Хөгжимт драмын театрт аймгийн төвийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжих эсэхийг хэлэлцлээ.

Тэд дэлхийн болон Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого" болон УИХ-ын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай" тогтоолын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг:

- Олон улсын хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулах;

- Хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх;

- Парламентийн чадавхыг сайжруулах;

- Хөгжлийн олон төвтэй болох;

- 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг гүйцээх зорилготой хэмээн тайлбарлав.  

Иргэдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар манай улсын нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт гарах, мөн ард иргэдийн амьдралд ямар эерэг нөлөө үзүүлэх талаар асуулт асууж, хариулт авлаа.

Түүнээс гадна орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цементийн үнэ өдөр өнгөрөх тусам өсөж байгааг, Казахстан Улсад очсон Монгол Улсын иргэд ОХУ-ын нутгаар дамжин авто машинаар эх орондоо ирж чадахгүй байгааг дуулгаж, төр засгаас арга хэмжээ авахыг хүслээ.

УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бейсен нар маргаашаас эхлэн сумдаар явж, хөдөө сумдын иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих эсэхийг асууна.  

Related news