Он гарсаар дэлхийн 50 оронд сармагчны цэцэг өвчний 3400 гаруй тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-06-28 09:49:01

ЖЕНЕВ. /TASS/. 2022 он гарснаас хойш дэлхийн 50 улсад сармагчны цэцэг өвчний халдварын лабораториор батлагдсан 3400 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан талаар гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ. 


“2022 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 22-ны хооронд 50 улс орон, нутаг дэвсгэрээс сармагчны цэцэг өвчний 3413 тохиолдол, мөн энэ өвчнөөр нас барсан нэг тохиолдлын тухай мэдээг хүлээн авсан” гэж ДЭМБ мэдээлсэн байна. 


Зургаадугаар сарын 17-нд өмнөх тойм мэдээг нийтэлснээс хойш найман улсад 1 310 шинэ халдвар бүртгэгджээ. 


Сармагчны цэцэг өвчний тохиолдлын ихэнх нь буюу 86 хувь нь Европын орнуудад бүртгэгдсэн бол дараа нь Америк /11 хувь/, Африк /2 хувь/, Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэг /1 хүрэхгүй хувь/, Ази, Номхон далайн бүс нутаг /1 хүрэхгүй хувь/ орж байна. 


Халдвар бүртгэгдсэн улс орнуудаас одоогоор Их Британид өвчлөл хамгийн их буюу 793 хүн уг өвчнөөр халдварлажээ. Түүнчлэн Герман (521), Испани (520), Португал (317), Франц (277), Нидерланд (167), АНУ-д (142) өвчлөл их байна. Үлдсэн 43 улс, нутаг дэвсгэрт өвчний тохиолдлын тоо 100-аас хэтрээгүй байна. Нас барсан ганц тохиолдол нь Нигери улсад бүртгэгджээ.


Related news