NASA “Capstone” сансрын төхөөрөмжийг сар луу хөөргөжээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-06-29 13:26:15

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) мягмар гарагт “Capstone” сансрын төхөөрөмжөө сар луу амжилттай хөөргөлөө. 


Хөөргөх ажиллагааг NASA-гийн цахим хуудсаар шууд дамжуулсан байна. Сансрын төхөөрөмжийг АНУ-ын Зүүн эргийн цагаар 5 цаг 55 минутад Шинэ Зеландын Махия хойгийн сансрын буудлаас Америкийн “Rocket Lab” компанийн “Electron” зөөгч пуужингаар хөөргөжээ. 


Анхны төлөвлөгөөний дагуу “Capstone” тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 22-ны хооронд даалгавраа эхлүүлэх ёстой байсан боловч нислэгт бэлтгэх нэмэлт ажил хийх шаардлагатай байсантай холбоотойгоор удаа дараа хойшлуулжээ.


“Capstone” төхөөрөмж нь ирээдүйн сарны станц “Gateway”-г байрлуулахад тохиромжтой тойрог замыг тооцоолоход туслах ёстой юм. Уг төхөөрөмж 25 орчим кг жинтэй байна. “Capstone” гурван сарын дотор зорилгодоо хүрч, сарны тойрог замд дор хаяж зургаан сар ажиллана гэж NASA үзэж байна.


NASA сарыг эзэмших хөтөлбөрөө 2019 оны хавар танилцуулсан билээ. "Artemis" хэмээн нэрлэсэн уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх юм. Эхний үе шатанд “Space Launch System” шинэ хүнд пуужингийн тусламжтайгаар “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийсний дараа дэлхий рүү буцаж ирнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд NASA сансрын нисэгчдээ саран дээр буулгаж, дараа нь 2030-аад оны дундуур Ангараг руу илгээхээр төлөвлөжээ. 


Related news