Хятадын хүн амын дундаж наслалт 77.93 жил болж уртасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-07-06 08:38:18

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын хүн амын дундаж наслалт 77.93 жил болж уртассан бөгөөд хүн амын эрүүл мэндийн гол үзүүлэлтүүдээр Хятад улс дундаас дээш орлоготой улс орнуудыг тэргүүлж байна гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн хорооны Төлөвлөлтийн газрын дарга Мао Цунань мэдэгджээ.


“Эрүүл Хятад” санаачилга хэрэгжүүлж эхэлсний гурван жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэхүү санаачилгыг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд хүн амын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх чиглэлд гайхалтай ахиц дэвшил гарсан гэж Ма Цунань мягмар гарагт хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн байна.


Эрүүл мэндийн мэдлэг, зохистой хооллолт, нийтийн биеийн тамирын хөтөлбөрүүд, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор тус улс үндэсний мэдээллийн санг бий болгосон аж. Ингэснээр Хятадын ард иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийн түвшин 25.4 болж сайжирч, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг гол өвчнүүдийн тархалтыг үр дүнтэйгээр хумьж чадсан гэж Мао Цунань хэлжээ.


Мөн түүний хэлснээр, Хятадад архаг хууч өвчнүүдийн улмаас цаг бусаар нас барж буй хүмүүсийн тоо дэлхийн дунджаас харьцангуй доогуур байна.


Нийтийн биеийн тамирыг хөхиүлэн дэмжихүй

БНХАУ-ын хэрэгжүүлж буй “Эрүүл Хятад” санаачилгад тусгасан 15 зорилтын нэг нь үндэсний хэмжээнд нийтийн биеийн тамирыг хөхиүлэн дэмжих аж. 2020 оны байдлаар, тус улсын нийт хүн амын 37.2 хувь нь тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг болсон байсан нь 2014 оныхтой харьцуулахад 3.3 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.


Хятад улс хүн амынхаа эрүүл мэндийг дэмжих хүчин чармайлтынхаа хүрээнд улс орон даяараа чийрэгжүүлэх төв, биеийн тамирын талбайг олноор нь барьсаар байна.


2021 оны эцсийн байдлаар, тус улсын нэг хүнд ногдох биеийн тамирын талбайн хэмжээ 2.41 хав.дөр.метрт хүрсэн байна.

Энэ онд л гэхэд Хятадын 300 гаруй хотын хошууны түвшний 1300 гаруй засаг захиргааны бүсэд хамаарах 2100 гаруй цэнгэлдэх хүрээлэнд төр засгаас нь татаас өгсөн бөгөөд эдгээр цэнгэлдэх хүрээлэн нь 200 сая гаруй хүн биеийн тамир хийж байгаа ажээ.


Хүрээлэн буй орчны эрүүл ахуйг сайжруулахуй

Хүрээлэн буй орчны эрүүл ахуйг сайжруулахад ихээхэн анхаарсан нь Хятадын ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад ихээхэн нөлөөлжээ.


Сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсын хэмжээнд 277 эрүүл хот, 3269 эрүүл хошуу байгуулагдсан гэж Мао Цунань ярьжээ.

Хот суурин газрын айл өрхүүдийн хог хаягдлыг ангилан ялгаж хаях, цэвэр агаартай өдрүүдийн тоо, хөдөө орон нутгийн крантны усны чанар зэрэг эрүүл ахуйн олон үзүүлэлт эрс сайжирсан гэж тэрбээр хэлсэн байна.

Related news