Онцгой байдлын газрын дарга, орлогчийг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-10 17:32:05

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар Онцгой байдлын дэд хурандаа С.Пүрэвсамданг, тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар Онцгой байдлын хошууч Б.Анхбаяр нарыг томиллоо.

 Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян тус аймагт ажиллан шинээр томилогдсон удирдлагуудад ажлыг нь хүлээлцүүлэв.Мөн тэрээр тус аймаг дахь үер усны аюулын хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилтай  танилцав. Улмаар Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж,  үүрэг чиглэл өглөө.

Онцгой байдлын дэд хурандаа С.Пүрэвсамдан нь БХИС-ийг Инженерийн цэргийн команд тактикийн офицер, зам гүүрийн барилгын машин механизмын инженер мэргэжлээр төгссөн. Төрийн удирдлагын магистр. Зэвсэгт хүчний 256-р ангид салаан захирагч, 122-р ангид салбарын захирагч, Гамшгаас хамгаалах тусгай ангид инженерийн бэлтгэлийн багш, Аврах тусгай ангид штабын орлогч, ахлах мэргэжилтэн, Бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын албан тушаалыг тус тус  хашиж байсан туршлагатай боловсон хүчин юм. Улмаар ОХУ-ын Иргэний хамгаалалтын академийг Цэргийн удирдлагын магистраар төгсөж, ийнхүү Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдож байна.
Харин Онцгой байдлын хошууч Б.Анхбаярын хувьд Цагдаагийн академийг Эрх-зүйч, галын албаны мэргэжилтнээр төгссөн. 2016 онд ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академийг Галын инженер мэргэжлээр дүүргэсэн. Хэнтий аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49-р ангид гал сөнөөгч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 32 дугаар ангид Салааны захирагч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах байцаагчаар ажиллаж байжээ.

Ш.Айзаря

Related news