СЭЛЭНГЭ:Туршилт, судалгааны талбай байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-08 21:46:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ойн хамгааллын зурвас байгуулах ажил Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд эхэллээ. Энэхүү төсөл нь Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм.    

Уг төсөл нь Цөлжилтөд өртсөн талбайг хязгаарлах, орчны доройтлыг бууруулах зорилготой ажээ. Энэхүү зорилгын хүрээнд ойн хамгаалалтын зурвас байгуулах ажлыг гүйцэтгэхээр ийн эхэлсэн байна. Эл ажлын хүрээнд суурь судалгаа, хөрсний чийг, дулаан болон бусад орчны үзүүлэлтийн тандан судалгаа хийх 20х20 метрийн хэмжээтэй судалгааны талбайг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багийн нутаг дэвсгэрт байгуулан судалгааны төхөөрөмжүүдийг нь суурилуулсан байна. Судалгааны ажлыг Бүгд Найрамдах Чех Улсын Менделийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их сургуулийн эрдэмтэн багш, оюутны  хамтарсан баг гүйцэтгэж, үр дүнг тооцож ажиллах аж. Цаашдаа төслийн баг орон нутгийн иргэдийн оролцоотой ойн хамгаалалтын зурвас байгуулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү туршилтын талбайг байгуулах ажилтай өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хамтаар газар дээр нь очиж танилцлаа. Тэд төслийн багийнхантай санал бодлоо солилцож, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. 



Related news