Каспийн тэнгисийн хийг ЕХ-нд нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-07-18 10:34:33

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен, Европын Холбооны /ЕХ/ эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Кадри Симсон нар даваа гарагт Бакуд айлчилж, Каспийн тэнгисийн хийг ОХУ-ыг тойруулан Европ руу нийлүүлэх асуудлыг Азербайжаны удирдлагуудтай хэлэлцэнэ.


ЕК-ын дарга фон дер Ляйен, Европын комиссар Симсон нар Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай уулзаж, дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ гэж ЕК мэдээлжээ. Симсон ЕХ, Азербайжаны эрчим хүчний яриа хэлэлцээнд оролцох бөгөөд Азербайжаны төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд Парвиз Шахбазов тэргүүлэх аж. 


“ОХУ эрчим хүчний эх үүсвэрээ зэвсэг болгон ашигласаар байгаа нөхцөлд эрчим хүчний импортыг төрөлжүүлэх нь ЕХ-ны нэн тэргүүний зорилт юм. Өмнөд хийн коридор нь ЕХ, ялангуяа Зүүн өмнөд Европт байгалийн хий нийлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна” гэж ЕК-оос баасан гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ. 


“ЕХ болон Азербайжан улс цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр урт хугацааны түншлэл тогтоохоор ажиллаж байна. Хоёр тал ногоон эрчим хүч рүү шилжиж, Парисын хэлэлцээрийн зорилтуудыг хэрэгжүүлж байна” гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 


ЕХ Азербайжантай эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулах, түүнчлэн худалдаа, иргэний нийгмийн боломжийг бүрэн ашиглах зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ цогц гэрээ байгуулах хэлэлцээ хийж байгааг ЕК мөн онцолжээ. 


ЕХ бол Азербайжаны худалдааны гол түнш бөгөөд тус улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 36.7 орчим хувийг эзэлдэг байна. Харин Азербайжаны экспортын 51 хувийг (голчлон эрчим хүч) ЕХ эзэлдэг бол Азербайжаны импортын 16 хувийг ЕХ-ны бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Related news