"Фүкүшима-1" станцын цэвэрлэсэн усыг далайд асгах хонгилын барилгын ажлыг эхлүүлжээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-08-04 11:55:28

ТОКИО. /TASS/. Японы мэргэжилтнүүд 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах хонгилыг усан доор барих томоохон ажлыг эхлүүлжээ. 


Энэ тухай тус станцын оператор компани болох "Tokyo Electric Power" (TEPCO) мэдээлсэн байна.


Барилгын ажлын явцад "аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ажлын явцын талаар цаг тухайд нь тайлагнана" гэж тус компани онцолсон байна. "Бид бүх асуултад үнэнчээр хариулж, бодитой, ил тод байдлыг хангах замаар Япон болон хилийн чандад буй хүмүүсийн итгэлийг олж авахын төлөө ажиллах болно" гэж TEPCO-ийн мэдэгдэлд дурджээ.


Дээрх ажлын хамгийн хүнд хүчир хэсэг нь Атомын цахилгаан станц байрладаг эрэг орчмын далайн ёроолд 1 км орчим урт хонгил өрөмдөх юм. Хонгилын төгсгөл хэсэгт усыг шууд асгах тоног төхөөрөмж суурилуулах аж. 


“Фүкүшима-1” АЦС-ын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн их хэмжээний усыг далайд асгахыг Японы Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зөвшөөрсөн билээ. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн гэж "Tokyo Electric Power" компани мэдэгдэж байгаа боловч цацраг идэвхт трит агуулагдсан хэвээр байгаа аж. Харин усыг далайд асгах үед энэ бодисын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ундны усны тогтоосон стандартад нийцсэн байна гэж Японы Засгийн газар мэдэгджээ.


Японы Цөмийн эрчим хүчний хяналтын хороо долоодугаар сард эцэслэн баталсан Токиогийн төлөвлөгөөг зарим улс, тэр дундаа Хятад улс эрс шүүмжилсэн. Үүний зэрэгцээ ийм арга хэмжээ аюулгүй болохыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ) тавдугаар сард нотолсон байна. Одоогийн байдлаар станцын нөөцлүүр савуудад аюултай цацраг идэвхт бодисуудаас цэвэрлэсэн 1 сая 25 мянга гаруй тонн ус хуримтлагджээ. Энэ усыг 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгах бөгөөд  МАГАТЭ энэ үйл явцад  байнгын хяналт тавина.


Related news