С.Наранцогт: Хилийн боомтод ирэх онд түлхүү хөрөнгө оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-10 13:13:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдөр болсон ээлжит хуралдаанаар хилийн боомтуудаа эрэмбэлэх, боомтын чиглэлд ирэх оны хөрөнгө оруулалтыг түлхүү олгох, боомтын сэргэлтийн бодлоготой холбоотой төслөө эрчимжүүлэх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн байна.


Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэхдээ,

-БНХАУ боомтуудаа ангилан төлөвлөдөг. Төмөр замын боомтоо гэхэд 5 жилээр ажлаа төлөвлөдөг. Хөрш орны дэд бүтэцтэй ерөнхий төлөвлөгөөгөө уялдуулан хүчин чадлаа зөв төлөвлөх нь чухал байгаа. Ирэх оны төсөвт ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний төсвийг суулган боомтын үндсэн байгууламж, зорчигч ачаа тээврийн дэд бүцийн хөрөнгө оруулалтад анхаарна. Төсөв хэлэлцэхээс өмнө тооцоо судалгаагаа сайн хийнэ. Чингэлэг тээвэр, жолоочгүй тээврийн хэрэгсэл, ухаалаг удирдлагатай сисетемийг нэмэлт байгууламж гэж үздэг. Үүнийг олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр нарийн төлөвлөгөө гаргасан байгаа.


Орон нутагт газар олгох асуудлыг холбогдох сайдууд оролцсон ажлын хэсэг байгуулж, том бүтээн байгуулалтаа хийнэ. "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгаснаар бүх боомтоо авто замаар холбоно. Олон улсын түншүүдтэйгээ боомтын шинэчлэлийн талаар ярьж байна. Тухайлбал, АХБ-тай боомтыг шинэчлэхэд шаардлагатай 100 сая ам.долларын төсөл ярьж байгаа. Эдгээр төслийг хэрэгжүүлэн, улсынхаа экспортыг 3 дахин нэмэгдүүлэхийг зорьж байна гэв.


Монгол Улс нь ОХУ-тай 16, БНХАУ-тай 17 боомтоор холбогддог. Өмнөд хөрштэй холбогддог 7 боомтыг төлөвлөн бүтээн байгуулалт хийж байгаа аж. 

Related news