БНСУ-д ширүүн борооны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэлийн бүсэд сүүлийн гурав хоногт сүүлийн 80 жилд байгаагүй аадар бороо орсны улмаас есөн хүн амиа алдаж, долоон хүн сураггүй болсонд тооцогдож байна.
Цаг уурын албанаас мэдээлснээр, даваа гаргаас хойш Сөүл хотод 525 мм хур тунадас унасан нь хүчтэй үер дагуулжээ. Тус хотод 2600 гаруй байшин үерт автаж, 570 хүнийг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байранд байрлуулсан байна. Сөүлтэй залгаа бүс нутгуудад 1200 хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрчээ.
Аврах албаныхны мэдээлснээр, одоогийн байдлаар есөн хүн амиа алдсаны тав нь Сөүлд, гурав нь хөрш Гёнги мужид, нэг нь Ганвон мужид амиа алдсан байна. Өөр долоон хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Байгалийн гамшгийн улмаас 17 хүн гэмтэж бэртжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Засгийн газрын өмнөөс байгалийн гамшигт өртсөн иргэдээсээ уучлалт хүсжээ. Тэрбээр гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг аль болох хурдан хэвийн амьдралд нь оруулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэж амласан байна.