Л.Баттүвшин: Монголчууд хиймэл оюун ухааны төслүүдэд оролцох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-08-11 08:14:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн, Монголын Нейросайнсийн нийгэмлэг, Олон улсын Тархи судлалын байгууллага (IBRO)-тай хамтран “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалтыг манай улсад энэ сарын 8-13-нд зохион байгуулж байна.


Тус хурлаар хэлэлцэж буй сэдвийн талаар Монголын Нейросайнсийн (тархи, мэдрэлийн судалгаа) нийгэмлэгийн тэргүүн Л.Баттүвшингээс тодрууллаа.

-Ковидын өмнө болж байсан олон улсын хурлаар манай улсад хиймэл оюун ухааны хөгжлийн талаар нэлээн хөндөж байсан. Энэ талаар өнгөрсөн хугацаанд юу хийж ирсэн бэ?

-Хиймэл тархины төслийг манай Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн хийж эхлээгүй байгаа. Энэ талын төслийг эхлүүлэхэд бидэнд юуны түрүүнд математикч нар их хэрэгтэй. Манай улсад суурь шинжлэх ухаан болох хэрэглээний математик сайн хөгжсөн. Тиймээс ийм хүмүүсийг цааш нь хиймэл оюун ухаанаар гүн суралцуулж, энэ чиглэлээр нарийн мэргэшүүлэх шаардлагатай байгаа. Мэдрэлийн эсийг оруулахаар цахим орчинд хиймэл тархийг үүсгэж бий болгож болно. Ийм, байнгын мэдээлэлтэй асар том төслүүдийг Европын холбоо болон Швейцарь зэрэг оронд аль 2000 оноос хэрэгжүүлээд эхэлсэн.


Манай хүрээлэн тэдгээртэй байнгын холбоо, мэдээлэлтэй ажиллаж, онлайн семинар, лекцүүдэд оролцоод явж байгаа. Одоо харин манай улс энэ чиглэлээр суралцаж буй оюутан, мэргэжилтнүүдийг тийш нь илгээж, хойч, залуу үеэ бэлтгэн, тэдгээр төсөлд оролцуулах боломжтой. Энэ талын боломжийг төр, засаг бодлогоор дэмжин хангах нь чухал байна.


Тодруулж хэлбэл, математикийн олимпиадад амжилт үзүүлж буй залуучуудыг программ хангамжаар сайн ханган зааж, англи хэлийг сайжруулан суралцуулж, биологийн, тархины бүтэц, үйл ажиллагаа, мэдээллийг олгож байж гэмээн олон улсын түвшинд аваачна. Ингэснээр хиймэл оюун ухааны цахим орчинг үүсгэн дата анализ хийж чаддаг болно. Ийм мэргэжилтнүүд өнөөдөр дэлхийд ховор байна. Энэ бол шинжлэх ухааны тэргүүлэх салбар мөнөөс мөн бөгөөд хөгжүүлэхээс өөр аргагүй юм.


-Та бүхэн саяхан стрессийн түвшинг харуулсан судалгаа хийснээ танилцуулсан. Стрессийг хэмжиж шинжилж болно гэж та хэлж байсан. Яаж? Үүнийгээ тодруулна уу?

-Хүн стрессдэхээрээ бухимдана, уурлана, эсвэл уйлдаг. Эдгээр нь сэтгэл хөдлөлийн үйлдлүүд бөгөөд энэ үед хүний бие махбод, физиологийн хувьд зүрхний цохилт болон тархины цусан хангамж ихсэх зэргээр өөрчлөлт гардаг. Тиймээс тархины идэвхжил болон зүрхний хэмнэл ихэсч багасч буйг хэмжиж болдог. Энэ мэтээр хүний стрессийн түвшинг тогтоож болдог гэв.


“Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалтад Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Малайз, Казахстан, Киргиз, ОХУ-ын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид оролцож, сүүлийн үеийн судалгаа, технологийн дэвшлийн талаар лекц уншин, онол практикийн мэдлэг, мэдээллээ хуваалцаж байна. Хурлаар:

  • Стрессийн шалтгаант эмгэгүүд,
  • Архины сөнөрөлт өвчин, тэдгээрийн патфизиологи,
  • Мэдрэлийн мэс заслын өвчнүүд,
  • Сэтгэл заслын эмчилгээний нейробиологийн үндэс,
  • Тархи  судлалын судалгааны аргачлал, эмнэл зүй зэрэг сэдвээр мэдлэг олгох лекц, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 
Related news