Ипотекийн 355 орчим тэрбум төгрөгийн зээлийг 4.5 мянган өрхөд олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-12 09:04:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк болон бусад банкны эх үүсвэрээр энэ оны эхний 7 сард 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд олгоод байна. Мөн 2022 оны 8 дугаар сард 71.7 тэрбум төгрөгийн зээл олгохыг төв банк мэдээллээ.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгож байв.


Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монгобанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл хангаж байна. Тус хугацаанд нийт 2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогоор 1.3 их наяд төгрөгийн зээлийг олгоод байгаа.


Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлууллаа. Дээрх зээлдэгчид 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ.



Хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлд тавих шаардлага, шалгуурыг өөрчлөөгүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байгаа аж. 

Related news