ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-15 19:41:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.


Их суудлын хурлаар 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож 2 дугаар тогтоол гаргасан байна.


Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.


Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2: Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1: Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1: Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэц

Related news