Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 37.2 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-17 14:07:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 7 сард 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 11.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум, импорт 4.8 тэрбум ам.доллар байна.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (31.3 хувь) тэрбум, экспорт 1.8 (37.2 хувь) тэрбум, импорт 924.5 (24.1 хувь) сая ам.доллароор нэмэгдлээ.Харин энэ оны 7 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 68.1 (5.6 хувь) сая ам.доллароор багассан бол импорт 3.8 (0.5 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 7 сард 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 827.6 (94.6 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Харин 7 дугаар сард 341.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 71.9 (17.4 хувь) сая ам.доллароор багассан байна.


БНХАУ-тай 2022 оны эхний 7 сард 7.1 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 50.5 хувийг чулуун нүүрс, 32.9 хувийг зэсийн баяжмал эзэлсэн бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлжээ.


Экспорт 2022 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.8 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд нүүрсний экспорт 2 тэрбум, алтны экспорт 296 сая, зэсийн баяжмалын экспорт 156.6 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлөв. Экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн хилийн дундаж үнэ энэ оны 7 дугаар сард өмнөх сарынхаас багаслаа. Тухайлбал нүүрсний хилийн дундаж үнэ тн тутамд 22.4, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тн тутамд 76.4 ам.доллароор багасжээ.


Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 7 дугаар сард 3 сая тн болж, өмнөх сарынхаас 613.8 мянган тонноор, үнийн дүн 746.4 сая ам.доллар болж, 101.5 сая ам.доллароор нэмэгджээ. Энэ оны эхний 7 сарын байдлаар импортын дүнг авч үзвэл, БНХАУ 34.4, ОХУ 30.4, Япон 8.6, БНСУ 5, Америк 3.3, Герман 2.1 хувийг эзэлж, нийт импортын 83.7 хувийг бүрдүүлж байв.

ОХУ-аас импортолсон барааны 59.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 68.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 4.7 хувийг цахилгаан эрчим хүч, 8.2 хувийг ачааны тэрэг, 87.1 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлжээ. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 924.5 сая ам.доллароор нэмэгдэхэд дизелийн түлшний импорт 172.8 сая, автобензиний импорт 171.1 сая, суудлын автомашины импорт 122.3 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 98.4 хувийг эзэлж байгаа бол импортын 63.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлжээ. 

Related news