Дэлхийн худалдааны эргэлт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-08-14 17:47:11

ТОКИО. /NHK/. Өнгөрсөн онд дэлхийн худалдааны эргэлт буурсан байна. Энэ нь сүүлийн зургаан жилд гараагүй сөрөг үзүүлэлт юм. Өмнө нь 2009 онд буюу 2008 онд болсон дэлхийн санхүүгийн хямралын дараа дэлхийн худалдааны эргэлт буурч байжээ.

Өнгөрсөн онд дэлхийн худалдааны эргэлт 16.4 их наяд долларт хүрсэн нь өмнөх оныхоос 12.7 хувиар буурсан үзүүлэлт болохыг Японы Гадаад худалдааны байгууллага жил бүр гаргадаг тайландаа дурджээ.

Энэ уналт голдуу түүхийн эдийн ханшийн уналттай холбоотой гэж тус байгууллага тайлбарласан байна. 2015 онд түүхий нефть, байгалийн хий зэрэг түлшний ханш 40.3 хувиар унасан бол төмрийн хүдрийн ханш 41.4 хувиар буурсан байна.

Үүний зэрэгцээ хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт удааширсан нь дэлхийн худалдаанд сөргөөх нөлөөлжээ. ОХУ, БНХАУ-ын импорт 2015 онд өмнөх оныхоос 36.3 болон 18.4 хувиар тус бүр буурчээ.

Энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 22 орны худалдааны эргэлт өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлттэй гарсан гэж Японы Гадаад худалдааны байгууллагын ажилтнууд мэдэгдээд, дэлхийн худалдааны эргэлт эрчимтэй сэргэх найдлага тун ховор байгааг мөн дурджээ.

Д.Нямтулга

 

Related news