Нью-Йорк хотод сүмийн ойролцоо 2 хүнийг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-15 09:01:03

НЬЮ-ЙОРК. /ВВС/. АНУ-ын Нью-Йорк хотод нэгэн сүмийн ойролцоо өнгөрсөн бямба гарагт лалын шашны номлогч болон өөр нэг залууг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Тэднийг шашин эсвэл арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас хөнөөсөн эсэхийг олж тогтоохоор цагдаа нар мөрдөн шалгалт явуулж байна.

Цагдаа нар хэлэхдээ “нэгэн зэвсэгт этгээд Нью-Йоркийн Квинс дүүрэгт явж байсан хоёр хүнийг толгойн тус газарт нь буудсан. Тэднийг эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй амьсгал хураасан” гэв.

Хэргийн газраас зугтсан буутай этгээдийг цагдаа нар хайсаар байна.

Квинс дүүрэгт лалын шашинт бангладешууд олноороо амьдардаг аж.

АНУ-д лалын сүмүүдэд халдаж, дээрэм тонуул хийсэн хэргүүдийн тоо өнгөрсөн онд дөрөв дахин нэмэгдсэн нь лалын шашинтнуудын дунд айдас түгшүүрийг бий болгоод байна.

Г.Доржханд

Related news