Хөтөл-Сүмбэрийн автозамын ТЭЗҮ-г боловсруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөтөл хотод анх удаагаа болсон орон нутгийн “Эдийн засгийн форум-2022”-ын хүрээнд Хөтөл-Сүмбэр чиглэлийн 60 км хүчитгэсэн төмөр бетон хучлагатай автозамын трасс, зураг ТЭЗҮ-г энэ ондоо багтаан боловсруулахаар боллоо. Энэ бол дээрх форумд танилцуулсан зөвхөн нэг төсөл нь юм.
Уг зам ашиглалтад орсноор орон нутгийн болон төвийн бүсийн иргэдийн зорчих хөдөлгөөн цаг хугацаа болон туулах зайг 3 дахин хэмнэх юм.
Форумд оролцсон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Хөтөлийн "Цемент, шохой" үйлдвэр өнгөрсөн хугацаанд 7.5 сая тонн цемент, 1.5 сая тонн шохойн чулуу үйлдвэрлэснийг тодотгож, өмнө нь 124 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан үйлдвэр төрийн мэдэлд шилжиж ирснээр сар тутам ашигтай ажиллаж, энэ оны 7 дугаар сарын мэдээгээр 13.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байгааг дуулгаж, цаашид төлөвлөж хийх ажил олон буйг шат дараатай хэрэгжүүлэхээ хэллээ.
Мөн “Шинэ сэргэлтийн бодллогын хурдасгуур төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Дөлгөөн, Засгийн газрын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр "Шинэ сэргэлт"-ийн бодлогод тусгасан аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтцийн төслүүд хэрэгжих тусам цементийн эрэлт хэрэглээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах, хүчин чадлаа цаашид өсгөх шаардлага үүснэ. Энэ байдал Хөтөл хотын тогтвортой хөгжилд нааштайгаар нөлөөлнө гэдгийг онцолсон юм.
Сэлэнгэ
аймгийн Сайхан сумын Засаг дарга бөгөөд Хөтөл хотын захирагч Б.Мөнхболд, Сайхан сум, Хөтөл хотын дүр төрхийг ирээдүйд
тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 320 гаруй тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үүнээс эхний ээлжинд 156 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт шаардагдаж байна. Бизнес эрхлэх боломжтой, өрсөлдөх чадвар өндөр байх салбар болгоны чиглэлээ тодотгож, түншлэх, хамтрах, орон нутгийн зүгээс хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахад бэлэн байна гэв.
Тухайлбал, Барилгын материалын ЖДҮ, эрчимжсэн мал аж ахуй, жимс жимсгэнэ, малын тэжээлийн үйлдвэр, засвар үйлчилгээ зэрэг бизнесийн өргөн орон зай байгааг тэрбээр онцолсон юм.
БХБЯ-ны Барилгын материалийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Хөтөл нь барилгын материалын үндсэн болон дагалдах түүхий эдийн нөөц, агуулахтай. Үйлдвэрлэлийн өртөг зардал тэр хэрээр хямд байх, төвийн бүсийн хотуудад тасралтгүй бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх төмөр зам болон авто замын гарцтай. Тийм учраас хөрөнгө оруулалт бага шаардах, өртгийг бууруулах боломжтой, кластерийн сүлжээг хөгжүүлэх нөхцөл бүрдсэн уг давуу тал нь Хөтөл хот илүү томрох, тэлэх үүд хаалга нь болж өгөхөөр буйг онцоллоо.
Чуулганыг зохион байгуулсан “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар, Хөтөл хот Монгол Улсын дөрөв дэх хот болж, дунд хугацаанд Эрдэнэт, Дархан хотын түвшинд хүрэх өгөгдөл, боломжтойг онцлоод, “Цемент шохой” ТӨХК нийгмийн хариуцлага, орон нутаг-үйлдвэр хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Хөтөл хотын хөгжилд цаашид бодитой хувь нэмэр оруулна гэдгээ илэрхийлсэн юм.
Эдийн
засагч Д.Жаргалсайхан форумоор ярьж хэлэлцсэн зүйлүүдийг үр
дүнд хүргэх, бодит ажил болгох бүрэн боломж байгааг тэмдэглэсэн. Үүний тулд
сайн засаглал, зөв менежмент, нээлттэй, ил тод байдал чухал болохыг нэмж хэлсэн
юм.
Форумаар үйлдвэрийн технологи, техникийг шинэчилж өөрчилснөөр Цемент, шохойн үйлдвэрийн утаа Хөтөл хот руу орж ирдэгийг багасгаж, утаа гардаггүй, байгаль орчинд ээлтэй зуухтай болно хэмээн сум, хотын хөгжлийг үйлдвэрийн шинэчлэлтэй хамтад нь ярилцснаар нэг шийдэлд хүрэх гарцыг хэлэлцэв.
"Цемент шохой"
ТӨХК болж, төрд
шилжснээс хойш, сүүлийн 4 сард ажилчдын цалингаа хоёр удаа нэмж, дундаж цалинг 2 сая төгрөгт хүргэж, нийт
40 хувиар өсгөжээ. Мөн ажилчид
орон сууцны зээлд хамрагдах, урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэхэд нь
компанийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг судалж байна.
Улсын үйлдвэрт шилжсэн 4 сарын хугацаанд 9 жил балгас болоод байсан спортын талбайг шинэчлэн сэргээж, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Сэлэнгэ аймгийн хэмжээнд анх удаа орон нуагт зохиох, мөн хөл бөмбөгийн талбайг зүлэгжүүлэх, хотыг тойрсон автозамыг засварлах зэргээр чөлөөт амралтын бүстэй болж, Хөтөл хотын болон үйлдвэрийн ажилчдын тав тухтай байдлыг ханган, нийгмийн олон зүйлийг шийджээ. Үйлдвэр Хөтөл хотыг дулаанаар өнгөрсөн хугацаанд тасралтгүй хангаж иржээ.
"Эдийн засгийн форум"-оор "Цемент шохой" ТӨХК МҮХАҮТ-ын
дэргэдэх Монгол-БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн зөвлөлтэй “Шохойн
үйлдвэрийн шинэчлэл, агаарын бохирдол бууруулах, техник технологийн шинэчлэлийн
хөрөнгө оруулалт дээр дэмжиж, хамтран ажиллах” санамж бичгийг байгуулсан юм.