СҮХБААТАР: Малчид хотондоо төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-08-30 14:54:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын наймдугаар баг 910 өрхтэй. Үүний 670 нь малчин, үлдсэн нь мал бүхий өрх. Хамгийн холын малчин 150 километрээс аймгийн төврүү ирж төрийн болон бусад тусламж үйлчилгээг авдаг. Тэгвэл тус багийн иргэд энэ удаад хотондоо төрийн мэдээллээ авч, тулгарч буй саад бэрхшээлээ хэлэлцэн шийдвэрлүүлж, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ямар ч үнэ төлбөргүйгээр авлаа.


Тодруулбал, Найрсаг Баруун-Урт өдөрлөг наймдугаар багийн нутагт буюу малчны хотонд боллоо. Малчдад тулгамдаж буй асуудлыг сонсож шийдвэрлэх, малчдыг эрүүл мэндийг үзлэгт хамруулах, төрийн байгууллага болон малчдын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зохион байгуулагдсан тус өдөрлөг хоёр өдөр үргэлжилсэн юм. Улаанбаатар хотын Марал ЭМТ-ийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг малчдад дотрын үзлэг, эхо, чих хамар хоолой, шүд, мэдрэл, хүүхдийн зэрэг 12 төрлийн үзлэг, шинжилгээг газар дээр нь хийж өгч, зохих эмчилгээ, зөвлөгөөг өгөв. Мөн эм, эмийн ургамлын зохистой хэрэглээ, түүний ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн нь малчдын сонирхлыг ихээр татаж байсан юм. Тэр бүр аймгийн төврүү орж нарийн үзлэг шинжилгээнд хамрагдаж чаддаггүй малчид өдөрлөгийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.


Өдөрлөгт Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, ИТХ-ын дарга Т.Ихбаяр болон холбогох албаны хүмүүс оролцсон. Тэд малчдын тулгамдаж буй асуудлыг үешаттайгаар шийдвэрлэх, үйл ажиллагаандаа тусгаж, малчдаа ямагт дэмжиж ажиллахаа илэрхийлж байв.


Багийн өдөрлөг нь жил бүр болдог ч цар тахлаас үүдэн сүүлийн хоёр жил зохион байгуулагдаагүй юм байна. тийм ч учраас иргэд, малчдын идэвх оролцоо сайн, үр дүн өндөр өдөрлөг өолж байгааг багийн засаг дарга Г.Мөнгөнбаяр хэллээ. 


Related news