ГОВЬ-АЛТАЙ: Загаас өөр түлшний хэрэглээг нэвтрүүлэх ажлыг яаралтай авч хэрэгжүүлэх нь чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Заган ойг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг хангасан менежментийн төлөвлөгөө боловсруулах зорилгоор Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ суманд заган ойн судалгаа хийжээ.
Тодруулбал, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь - ENSURE” төслийн захиалгаар “Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сумын заган ойн менежмент төлөвлөгөө боловсруулах, нөхөрлөлийн чадамжийг сайжруулах” сэдэвт гэрээт ажлын хүрээнд Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын судлаачид дээрх сумдын нутагт заган ойн судалгаа хийжээ.
Хээрийн судалгааны явцад заган ойн ялгаатай хэв шинжүүдийг төлөөлүүлэн, нийт 16 цэгт загийн морфологийн болон тогтоон барьж буй элсэн хуримтлалыг хэмжиж, хамааруулан судлах зорилгоор хөрс болон ургамлын бичиглэл үйлдэн, дээж авсан байна. Мөн судалгаа явуулж буй сумдын нийгэм, эдийн засгийн төлөв байдал, байгалийн нөөц ашиглалт, нөхөн сэргээлт, хамгааллын ажлуудад үнэлэлт өгөх зорилгоор орон нутгийн иргэд, нөхөрлөлийн гишүүдээс нийгмийн судалгааг авахаас гадна, заган ойг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр санал солилцжээ.
-“Хээрийн судалгааны хэмжилт, дата, мэдээнд үндэслэн заган ойн биомасс болон карбон шингээлт, экосистемийн үйлчилгээ болон экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож, ашиглалтын ялгаатай талбайнуудад харьцуулан дүн шинжилгээ хийнэ. Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан байгалийн нөөц ашиглагч бүлэг, нөхөрлөлүүдтэй хамтран заган ойг хамгаалах, нөхөн сэргээх, нөөцийг доройтуулахгүйгээр тогтвортой ашиглах менежмент төлөвлөгөө боловсруулж, практик сургалт явуулахаар зорьж байна.
Ийнхүү судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр орон нутгийн иргэдийн заган ойг хамгаалах, нөхөн сэргээх идэвх санаачлагыг дэмжих явдал нь зөвхөн төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжээд зогсох биш, он удаан жил тухайн экосистемийг хамгаалж ирсэн орон нутгийн иргэдийн соёл, өв уламжлалд бодит хувь нэмрээ оруулах болно” хэмээн холбогдох албанаас мэдээллээ.
Энэхүү судалгааг 2020 онд “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн захиалгаар Зармангийн говь, Улааншалын хоолойн заган ойн бүтэц, бүрэлдэхүүн, нас, өтгөрөл, нөөц, байгалийн сэргэн ургалтын төлөв байдал зэрэг үзүүлэлтийг тодорхойлох ойн тооллого судалгааг ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн гүйцэтгэсэн аж.
Судалгаагаар Зармангийн говь, Улаан шалын хоолойн нутаг дэвсгэрт сийрэг, намхан, титмийн диаметр багатай заган ой зонхилон тархсан байгаагийн зэрэгцээ орон нутгийн малчдын өвөлжөө, хаваржаатай ойр, ялангуяа Баянтоорой тосгоны ойролцоох газруудад малын хөлд талхлагдаж, идэгдсэн байгааг илрүүлжээ.
Говь-Алтай аймаг, Цогт сум, Алтайн өвөр говийн хэт хуурай цөлд дангаар бүлгэмдэл үүсгэн ургах заган ой байдаг ба хэт хуурай цөлийн бүсэд гандуу жил загийн ургалт муудах боловч хуртай жил сэргэн ургадаг онцлогтой. Загийг түлшинд хэрэглэхийг хориглосон ч хэрэгжилт хангалтгүй, хэрэглээ их байгаа нь нөхөн сэргэлт, нөөцөд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл байгаа аж. Тиймээс загаас өөр түлшний хэрэглээг нэвтрүүлэх үйл ажиллагааг яаралтай авч хэрэгжүүлэх нь чухал байгааг "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төслийн Говь-Алтай аймгийн зохицуулагч Э.Цэцэгмаа онцлон мэдээллээ.