ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 48,7 хувьд зуншлага сайн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 20-ны байдлаар Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага нийт нутгийн 48,7 хувьд сайн байна.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн нийт нутгийн бэлчээрийн ургамлын гаралт өнөөгийн байдлаар ямар байгаа тухай танилцууллаа. Нийт нутгийн 48,7 хувь буюу Есөнбулаг, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин тосгон, Дэлгэр, Төгрөг, Халиун суманд зуншлага сайн буюу бэлчээрийн ургамлын ургалт сайн байна.
Харин 43.4 хувьд буюу Тонхил, Тоорой тосгон, Дарив, Жаргалан, Шарга, Цогт Чандмань, Эрдэнэ сумдын нийт нутаг, Бугат, Алтай сумын зарим нутгаар дунд зэрэг буюу ургалт удаашралтай, 7.9 хувь буюу Тайшир, Цээл сумын нийт нутгаар, Алтай сумын зарим нутгаар муу үнэлгээтэй гарсан тухай мэдээлэв.
Мөн одоогоор малын усан хангамж сайн, тарга хүч дунд зэрэг байгаа аж.
Related news

