УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-09-13 09:09:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/-ийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хэлэлцсэн тэмдэглэлээс онцлон уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:- 31 дүгээр зүйл дээр саналтай гишүүд хэн хэн байна.

С.Баярцогт:-Ийм санал хэлмээр байна. Энэ ерөнхий 2 шаттай сонгуулийг өөрчлөх нь зүйтэй. Хамгийн гол нь сонгууль, нийт ард түмнээс сонгогдоод эхний шатанд 50 хувиас дээш явчихвал сонгогдсонд тооцогдоно гэдэг энэ процедур болохгүй гэсэн ийм саналтай байна. Энэ бол явж явж нийт ард түмнээс сонгох сонгуулийн систем рүү шилжиж байгаа юм. Тийм болохоор бид парламентын засаглалтай улс орон болно. Ерөнхийлөгч бол их бага хэмжээгээр парламентаас хараат байна гэсэн энэ бүх зарчмуудаа тооцож үзээд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах зарчмаа өөрчилье гэсэн саналтай байгаа юм. Юу гэвэл шууд Их хурлаас сонгох эхний вариант. Ерөнхийлөгч шууд ард түмнээс сонгогдож байгаа нөхцөлд парламентад харьцангуй их эрх мэдэл өгөх, Ерөнхийлөгчтэй харьцах харьцаан дээр. Энэ 2 үндсэн юман дээрээс, ингэж холимог юм хийж болохгүй гэсэн саналтай байгаа юм. Нэг бол ард түмнээсээ сонгогдож болдог, эсвэл Их хурал бас сонгож болдог гэсэн зарчмыг нийлүүлж болохгүй гэсэн саналтай байгаа юм. Аль нэгээр нь цэвэр хийх ёстой. Гэхдээ манай хувьд ард түмнээсээ сонгох нь илүү хор холбогдолтой. Би энийг юутай холбох гээд байна вэ гэвэл илүү хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал руу явуулах гээд байгаа тэр бодлого дээр эмзэглээд байгаа юм. Одоо бол комиссоос тэгж тайлбарлаад байгаа шүү дээ, гүйцэтгэх засаглал руу илүү байна, тэгээд ард түмнээс сонгох юм бол бүр хэрэгжихгүй.


А. Болат:- 31 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг дээр байгаа саналын талаар 1 ойлголтоо хэлье гэж бодож байна. Бид 2 шаттай хийхээр заасан байгаа. Энд бол УИХ тэр санал хураасан нөхцөлд олонхын санал аваагүй байвал 2 дахь удаагаа санал хураагаад дахиж бүр эхнээс нь эхэлж өөрөөр хэлбэл, ард түмнээр дахин санал хураалгах түвшинд энэ сонгуулийн ажил явах нь ээ. Энэ бол миний бодлоор нэлээн чирэгдэлтэй болох болов уу гэж бодож байна. Ялангуяа ард түмэн маань Ерөнхийлөгчөө сонгон шалгаруулж өөрийнхөө хамгийн өндөр санал өгсөн хоёр хүнийг тодруулж өгсөн энэ тохиолдолд. Ардын их хурал зөвхөн энэ хоёр хүний тухайд санал хурааж байгаа. Магадгүй зарим тохиолдолд зохиомлоор ч гэсэн алиныг ч гаргахгүй байх бодлогоор хоёуланг хавчих юм уу, УИХ дээр ийм асуудал, буруу талаас нь тайлбарлах юм бол гарч болно. Тэгэхээр хоёуланг нь унагах, өөрөөр хэлбэл, ард түмэн ингэж тодруулж өгсөн 2 хүнийг хоёуланг унагах ийм эрхийг бид УИХ дээр хадгалмааргүй байна. Тэгэхээр ийм санал би хэлэх гэж байна. УИХ дээр 2 дахь санал хураалт дээр аль нь ч олонхын санал аваагүй боловч тэр 2 хүний, дотроосоо хэрэв санал авсныг, илүү олон хүний санал авсныг Ерөнхийлөгчөөр сонгоно гэсэн утгаар байвал зүйтэй юм шиг байна, 1 дүгээрт. Хоёрдугаарт, 7 дахь хэсэг дээр Ерөнхийлөгчийг бид ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдгийн чанартай томъёолж байгаа. Ингэж байх нь зөв гэж бид шийдэцгээсэн. Тийм тохиолдолд заавал улирааж сонгох шаардлагагүй болов. Ерөнхийлөгчийг зөвхөн 1 удаа сонгоно гэсэн байдлаар оруулбал зүйтэй болов уу гэсэн саналтай байна.


Д. Баттулга:- 31 дүгээр зүйл дээр парламентын засаглалтай болно гэж яриад байгаа. Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, огцруулах эрх бол УИХ-д байж байгаа 4 дүгээр заалтын дагуу ард түмнээс нэр дэвшигдээд шууд ард түмнээс сонгогдсон гэж тооцох юм бол ард түмний саналыг УИХ-ын 75 гишүүн хүчингүй болгох тэр 2-ын хооронд 1 зөрчил гарч байгаа юм болов уу гэсэн эмзэглэл байгаа юм. Нэгэнт ард түмнээс сонгогдсон хүнийг, адилхан ард түмнээс сонгогдсон тэр 75 хүн сонгох энэ хоёрын хооронд зөрчил гараад байна. Тийм учраас тэр бол Ерөнхийлөгчийн нэр дэвших ажиллагаа бол ард түмнээс биш зөвхөн пардаментад суудал авсан намууд эдлэх болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг сонгох тэр үйл ажиллагаа бол мэдээж парламентад явна. Энэ дээр 2 вариантаар байж болох юм гэж. Нэгдүгээрт, тэр 75 хүн Их хурал сонгоно, эсвэл Их хурал дээр нэмэх нь өөрөө удирдах орон нутгийн хурлууд байгаа. Тэрэн дээр тодорхой, орон нутгуудаас тодорхой төлөөлөгчид, анхны хэлэлцүүлэг дээр гарч ирсэн санал байгаа. 5 юм уу, 3 төлөөлөгч сонгоод Ерөнхийлөгч сонгох өргөтгөсөн маягийн хурал хийгээд тэндээс ерөнхийлөгчийг сонгож байж болох юм.

Р. Гончигдорж:- Харьцангуй утгаараа 1 шаттай гэсэн үг.

Д. Баттулга:- Ерөнхийдөө 1 шаттай, 2 шаттай байж болмооргүй байна.

Т. Очирхүү:- Ерөнхийлөгчийн сонгууль дээр надад эргэлзээ байгаа юм. Юун дээр эргэлзээд байна вэ гэхээр 2 шаттай дээр эргэлзээд байна. Тэгэхээр засаглалын асуудлаар парламентын засаглал гэдэг парламентад хуулиар өгч байгаа эрх мэдлээр зохицуулагдах асуудал гэж ойлгогдож байна. Товчхон хэлэхэд Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс шууд сонгох нь зүйтэй гэсэн санал байгаа юм. Эрх мэдлийн хувьд бид хуулиар хийгээд өгчихвөл яасан юм бэ? Сонгуульд бол ерөөсөө цаашдаа иргэд бол эрх чөлөөтэй өөрийн дур зоргоор оролцоно. Тэгэхээр нийт сонгох, сонгогдох эрхтэй улсуудын 50 хувь юмуу, бага хэмжээтэй орох юм бол нийт ард түмнийг төлөөлсөн төрийн тэргүүн, эв нэгдлийг бэлгэ тэмдэг, тусгаар тогтнолын асуудлууд байхгүй болчих тийм талтай. Тийм учраас нийт ард түмнээр сонгогдоод явбал яасан юм бэ? Парламентын засаглалтай хэд хэдэн оронд Ерөнхийлөгч нь маш их хурц, хэцүү үед улс орны эв нэгдлийг авч гардаг тийм бэлгэдлийн шинжтэй байдаг байна. Нийт ард түмнээс сонгогдсон байна гэсэн санал байгаа юм.


Д. Лүндээжанцан:- Тэгэхээр ард түмнээс эхлэлтэй сонгогдохоор Ерөнхийлөгчийн засаглал руу яваад орж байгаа, нийтээр ингэж ойлгоод байх юм. Энийг би буруу гэж бодож байна, олон удаа санал солилцсон. Ерөнхийлөгчийг огцруулах механизм нь Үндсэн хуулийн шүүх байдаг юм уу, Цэц, Их цаазын цэцийн дүгнэлтийг үндэслээд УИХ байж байж болно. Огцруулах эрх нь тусдаа байж, заавал ард түмнээр гэхгүй. Ард түмнээр сонгогдсоноороо яг парламенттай адилхан, тэнцүү эрх эдлээд ингээд дийлдэхээ байна, хяналтын эрх үүргийн заалтгүй болчихно гэж бодож болохгүй. Ийм юмнууд амьдрал дээр байж болно гэж бодож байна. Хоёрдугаарт, ажлын группийн оруулж ирсэн энэ төслийг дэмжиж байгаа юм. Хоёр шаттай байна, ард түмнээс үүсэлтэй. Тэгээд олонхын санал авсан нь гараад явна. Олонхын санал авахгүй бол 2,  хамгийн олон саналтай нь орно гэсэн энэ хувилбар бол их боломжтой, шинэ сонин аятайхан хувилбар гэж байгаа, олон хүнтэй уулзаж ярилцсан. Сая жишээ нь, Францын парламентын гишүүдтэй уулзсан. Парламентын Үндсэн хууль боловсруулах комиссынхтой уулзахад танай энэ хувилбар бол их аятайхан, боломжийн хувилбар байна. Энэ зүйтэй гэсэн. Нэлээн нөлөө бүхий хуульчид энийг дэмжиж байсан. Ингээд бодсон ч гэсэн бид хаа хаана энэ бол зүй тогтлын хүрээнээс гадуур биш юм гэж ойлгож байгаа. Харин УИХ дээр ард түмнээс хамгийн олон санал авсан 2 кандидат хэд хэдэн удаа унах нь бас эвгүй байгаа юм. ТИйм учраас энэ дээр олонхын санал биш , хамгийн олон санал авсан 2 дээр гэвэл яасан юм бэ гэсэн Болат гишүүний саналыг дэмжиж байна. Ерөнхийлөгчийг зөвхөн 1 удаан улирааж сонгож болох юм гэж үзэж байна. Ерөөсөө тогтворгүй, заавал хоногийн ээлж шиг ингэж ээлжилж байх зүйл биш. Яагаад тогтвортой байдлаар 1 хүн 8 жил, хэрвээ ард түмнээс дэмжлэг аваад гарч ирсэн тохиолдолд төрийн засаглалыг тогтвортой байлгах үүднээс ингээд байж болохгүй байх юм бэ гэсэн саналтай байна.


Ц.Өөлд:- 31 дүгээр зүйл дээр Ерөнхийлөгчийн сонгууль 2 шаттай гэчихсэн мөртлөө 4 дүгээр заалт нь хэрвээ олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцоод бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн гээд оруулчхаад энэ 35 дугаар зүйл дээр Их хурал огцруулж болж байгаа юм. Тийм учраас нэгэнт сонгогчдын олонхын санал авсан хүнийг тэр 75 хүн огцруулж болоод байдаг. Тэгэхээр энэ зөрчилдөх байх. Ийм учраас 2 шаттай гэдгээрээ хийгээд олонхын санал авсан ч байсан Их хурлаараа батлуулахаараа. 4 дүгээрхийг би хасъя гэсэн саналтай байгаа юм. 6 дугаар зүйл “олонхын санал” биш “хамгийн олон санал” авснаар нь хүнийг оруулах нь зүйтэй болов уу. 7 дугаар зүйл дээр Ерөнхийлөгчийг зөвхөн 1 удаа улируулж сонгоно гэдэг насаар бол бараг хасагдах болов уу. 50 настай хүн 55 хүртлээ Ерөнхийлөгч болно, тэгээд 55-60 хүртэл дахин сонгогдохгүй болохоор болж байгаа. Яагаад гэвэл бид тэгж үздэг, 60 тэтгэврийн нас өндөр байна. Дөнгөж 60 хүрчхээд маргааш нь нас барж байна гэж байгаа. Бид тэтгэврийн хууль дээр 55 болгож өгсөн. 55-тай хүн гэдэг чинь 32 жил ажиллаж байгаа хуулиар тэтгэврийн насны хүн. Ийм учраас хуучин 40-өөс дээш гэдэг саналаараа байсан бол харин Ерөнхийлөгч 1 удаа улируулж сонгож болно, 40, 50, 55 гээд. Ийм учраас 7 дугаар зүйлийг түрүүчийн настай уялдуулж үзээсэй гэж хэлэх гэсэн юм.

Ч Аюурзана:- Ерөнхийлөгчийн сонгууль 2 шаттай байна гэдгийг 4,5 зугаар заалтаас хоёулангаас нь ойлгож байна. Нэгдүгээрт 4 дүгээр заалт дээр олонхын санал аваад тэгээд Их хурлаар гэсэн 2 шат гэсэн нь ойлгогдож байгаа юм. 5 дугар заалт дээр очихоор олонхын санал авсан 2 хүнийг Их хурлаар оруулна гэж байна. Ерөөсөө энэ дээр 75 хүн сонгох биш, орон нутгаас энэнтэй яг адил тооны хүнийг төлөөлөн авчирч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах гэж 5 дугаар заалт дээр тийм л юм байх хэрэгтэй гэж бодож байна. Зөвхөн 75 хүн сонгох биш.


Н. Жанцан:- 4 дүгээр зүйл дээр хүмүүс энэ зүйлийг хасъя гэсэн санал гаргаад байна. Энэ бол 1 талаасаа нэлээн үндэслэлтэй. Энэ бол сонгуулийн 2 шаттай гэсэн энийгээ үгүйсгээд байгаатай холбоотой гэж энэ хүмүүс санаа тавиад байгаа юм. Тэгэхээр энэ 4 дүгээр хэсэг үлдсэн тохиолдолд нийт сонгогчдын дийлэнх олонхын гэдэг тодотгол хийж өгье гэсэн санал байна. Дийлэнх олонхын санал авсан дэвшигчийг Монгол улсын УИХ Ерөнхийлөгчөөр сонгож болно гэсэн тодотгол хийж өгье гэсэн санал байна. Хоёрдугаарт, 6 дугаар зүйл дээр Ерөнхийлөгчийн сонгуулийг эхнээс нь явуулж болохоор 1 үгээр хэлбэл сонгуулийг төгсгөлгүй юм шиг болгож хийсэн байна. Санал тэнцэх юм бол тэгээд Монгол улс ерөөсөө сонгуулийн улс болоод байн байн Ерөнхийлөгчийн явуулж байдаг ийм хувилбартай хийхийг санал нийцэхгүй байна. УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүний олонхын саналаар дахин санал хурааж гэсэн тодотголыг хасах саналтай байна.Олонхын санал аваагүй бол дахин санал хураалтыг ерөөсөө бид автомат хийх ёстой гэж үзэж байна, 1 дүгээрт. Хоёрдугаарт, автомат энэ санал хураалт хийгээд санал тэнцэх юм бол УИХ-ын дарга санал өгсөн талын хүн нь Ерөнхийлөгч болно гэсэн ийм хувилбартай хийх нь зүйтэй гэж үзэж байна.

Р. Гончигдорж:- Жанцан асуудал ийм байгаа шүү дээ. Жишээлбэл, санал хураалтын сонгууль дээр 2 хүн дээр санал өгөх процедур бол нэгийг дарна, эсвэл хоёуланг дарна. Хоёуланг дарчихаар санал тэнцэхгүй ч гэсэн 1 нь олон байсан ч гэсэн нөгөө нийт оролцсон улсынхаа талд нь хүрч, саналын дэмжлэг авч чадаагүй ийм тохиолдол үүсэх байна л даа. Тийм учраас зарим нь олон гэж, аль олон санал авсан гэдгээр томьёолъё гэж санал гаргаад байна шүү дээ.


Н. Жанцан:- Энэ бол үндсэндээ тийм тохиолдолд болохгүй. Энэ чинь бүх намуудаас дэвшүүлээд 2 хүн үлдчихээд байж байхад тэрийг Их хурлын гишүүд ерөөсөө бүгдийг нэрээр ижилхэн дэвшүүлбэл дараад хаячихна гэсэн ийм тохиолдолд агуулгын хувьд, онолын хувьд байж болох боловч энэ бол амьдралд байж болохгүй. Ийм байж болохгүй. Тэгэхээр ерөөсөө төгсгөлгүй Ерөнхийлөгчийн сонгууль хийх юм шиг ингэж оруулсан нь амьдрал дээр нийцэхгүй асуудал. Түүнээс гадна олонх гэдгийг 51-ээс дээш гэж ойлгож байна. 51 буюу түүнээс дээш.

Р. Гончигдорж:- 50+1, 50 хувь, дээр 1 гишүүн

Н. Жанцан:- Тэгж ойлгож байна. Тэгэхээр “олон” гэж юу хэлээд байгаа юм бэ? Дийлэнх олонх гэвэл....

Р. Гончигдорж:- Аль олон гэдэг чинь өөр үг шүү дээ. Жишээлбэл 50 хуудас хүчингүй болсон байна. 10 хуудас хүчингүй болсон байг, үлдсэн хэд нь байдаг юм...

Н. Жанцан:- Ойлголоо, олон гэж тэгж хэлж байгаа юм байна. Тэгвэл ерөөсөө Ерөнхийлөгчийн сонгууль дээр зөвхөн олонхын систем явах ёстой. Энэ бол Монгол улсыг толгойлж явна. Харин 4 дүгээр зүйл хасагдаагүй тохиолдолд би дийлэнх олонх гэдэг саналыг оруулж байна.


Р. Гончигдорж:- Санал хураалтдаа оръё. Нэгдүгээр асуудал. Ерөнхийлөгчийн сонгууль 2 шаттай байна гэдгийг 2 янзаар хасах санал байна. Нэг нь шууд ард түмнээс сонгогдоно гэдэг утгаараа нэг шаттай байхаар, нөгөө нь цэвэр парламент дотроосоо 1 шаттай байх гэдгээр 2 шаттай гэдгийг 2 янзаар үгүйсгэсэн санал байна. Тийм учраас тус тус дээр нь санал хураалгая. Парламентын шатгүйгээр, шууд ард түмнээс сонгоно гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 7,
  • татгалзсан 30,
  • түдгэлзсэн 3, бүгд 40. Энэ дэмжлэг авахгүй байна.

Парламент дотроосоо шууд сонгохыг 2 хувилбараар ойлгож байгаа. Цэвэр парламентын гишүүдээс шууд сонгох, эсвэл парламентын гишүүд дээр өөр сонгогчдын төлөөлөгчид оролцсон бүрэлдэхүүнтэйгээр шууд сонгох гэсэн 2 хувилбар байгаа шүү. Тийм учраас эхлээд, энэ 2 хувилбарыг 1 бөөн болгоод тэрнийгээ бид парламентаас, өөрөөр хэлбэл 1 шаттай гэдгийг энэ утгаар нь хэлье. Тэгээд дотор нь энийгээ хэрэв дэмжигдвэл цэвэр парламентаар уу, сонгогчдын төлөөлөгчдийн нэмэлт оролцлогоотой гэсэн дээр санал хураалгана. Энэ утгаар нь парламентын шатан дээр ганц шаттай гэсэн энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 16,
  • татгалзсан 24,
  • түдгэлзсэн 2, бүгд 42, дэмжигдэхгүй байна.Тийм учраас энэ байгаа агуулгын хоёр шат болж үлдэж байна.

4 дүгээр зүйл дээр хэрэв анхны шатаар сонгогчдын олонхын саналыг авчихсан байх юм бол өрсөлдөгчгүйгээр парламент дээр орж ирээд, Их хурал түүний эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргана гэсэн санал байгаа. Тийм учраас энийг хасъя гэсэн санал байгаа юм. Хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 16,
  • татгалзсан 24,
  • түдгэлзсэн 2, бүгд 42, дэмжлэг авахгүй байна.

Хасъя гэдгийг өөр утгаар утгаар ойлгосон байх шиг зарим байдал байна. Хасъя гэдэг нь шууд Ерөнхийлөгч болгоё гэсэн үг биш ерөөсөө ямар ч тохиолдолд парламент Их хурал дээр 2 хүн оруулна гэдгээ дэмжиж байгаа утгаар бол энийг хасаж байгаа шүү дээ. Тэрэн дээр маргаангүй юм байна. Тэгж ойлгож байгаа шүү дээ. Тэгээд хасъя гээд чадсангүй шүү дээ. Тийм учраас одоо бол хэрэв ард түмний сонгуулиас олонхын санал аваад ирсэн байх юм бол түүнийг Их хурал зөвхөн эрхийг зөвшөөрөх хууль гаргах хүрээнд авч үзнэ гэж тогтлоо шүү дээ, олонхоор. Энд Жанцаны санал байгаа, дээр Ийм тохиолдолд олонх гэхгүй “дийлэнх олонхын саналыг ард түмний сонгуулиар авсан” гэдэг нэмэлт оруулъя гэсэн санал байгаа Энийг дэмжиж байгаа дээр санал хураалт саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 8,
  • татгалзсан 26,
  • түдгэлзсэн 7, бүгд 42, энэ дэмжлэг авахгүй байна.

Ингээд 4 дүгээр зүйл хэвийн байдлаар олонхын саналаар үлдэж байна. Өөрөөр хэлбэл, цөөнхийн саналаар цөөнхийн саналаар 4-ийг хөндөж чадсангүй гэж томьёолох нь зүйтэй.

С. Баярцогт:- 2 шаттай сонгууль гэдгийг эсэргүүцсэн, тэрний цөөнх. Энэ сонгууль маань 2 шаттай биш. Ерөнхийлөгчийн сонгууль бол 1, 2 шаттай. Нэг буюу 2 шаттай сонгууль энэ хуулиар. Яагаад гэвэл, 1 шаттайгаар шууд явж байгаа. Сонгогчдоос санал авчихвал шууд явж байгаа. Энэ 1 хэлбэр. Дараа нь сонгогчдоос олонх авч чадаагүй бол ийшээ орж ирдэг 1 шат.

Р. Гончигдорж:-... гэдгийг чинь1,5 буюу 2 гэж томьёолмоор байна.

С. Баярцогт:- Тэгж болохгүй. Тэгэхээр...

Р. Гончигдорж:- Дараачаар нь Их хурал дээр эрхийг хүлээн зөвшөөрөх хууль гаргахыг зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу.

С. Баярцогт:- Тэр сонгууль биш. Ингэхээр зэрэг манайд Ерөнхийлөгчийг сонгодог 2 систем гарч ирээд, энэ хоёроор гарч ирсэн 2 ерөнхийлөгч тухайн тухайн үедээ өөр өөр эрх эдлэх ёстой. Хоёр өөр статустай байх ёстой.Тэгэхээр 1 шаттай байна гэдэг саналыг дахиж хураалгах нь зүйтэй. Нэгдүгээрт логик зөрчинө. Хоёрдугаарт, ерөөсөө эмзэглээд байгаа юм бол нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч илүү эрх эдэлнэ гэдэг бол бичигдээгүй хууль үйлчилдэг шүү. Тэрийг аль аль талдаа бодох ёстой.

Ц. Өөлд:- Ерөнхийлөгчийн санал 2 шаттай байна гээд олонхын саналаар санал хураагаад шийдлээ. Тэгсэн мөртөө 4 дүгээр зүйл чинь хэвээрээ ингэд орох юм бол ерөөсөө Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болно. Ерөнхийлөгчийг 2 шаттай сонгоно гэсэнтэй 4 дүгээр зүйл чинь авцалдахгүй байна. Ийм учраас би 4-ийг дахиад хасах саналтай байна.


Р. Гончигдорж:- Ганцхан зүйл дээр өөрийнхөө саналыг хэлмээр бодогдоод байна. Тэгэхээр энд бас аятайхан боломж үнэхээр байх нь байж харагдаад байна. Жишээлбэл их хурлын депутатуудыг бид тойргоор сонгохдоо тэр тойрог дээрээс 1 гишүүн, төлөөлөн сонгогч 1 хүнийг давхар сонгоод тэгээд тэндээс 75+75 гэсэн бүрэлдэхүүнээр Ерөнхийлөгчийг сонгох энэ хувилбар бол нэг талаар төлөөлөл нь сайн болж байх юм, нөгөө талаас сонгууль нэлээн хялбар, тэгээд энэ төлөөлөн сонгогчид бүрэн эрхийн хугацаанд нь төлөөлөн сонгогчийнхоо статусыг хадгалаад Ерөнхийлөгчийн орон гарах аливаа асуудал үүсэхэд дахин тийм төлөөлөгчийн сонгуульгүйгээр бүх хугацаанд нь ийм эрхээ эдлээд ингээд явж байя. Ийм байх юм бол нэлээн сайн төлөөлөлтэй, тэгээд Ерөнхийлөгчийн сонгууль бол тэр 150 хүний дотор л ингээд чадахгүй бол энэ хүрээн дотроос дахиж нэр дэвшүүлээд, ахиад яриад байна шүү дээ.Тэр бол энэ хүрээн дотроос гарахгүй. Ийм аятайхан хувилбар байгаа юм шиг бодогдоод байх юм. Ингээд саналаа хураая.

Д. Пүрэв:- Би танаас асуулт асуух гэж байна. УИХ-ын гишүүн+75 гэдэг энэ төлөөлөн сонгогчдын, ардын төлөөлөгч орж ирж байна. Энийг чинь тэр намууд яаж хувааж авах юм бэ? Тэр 75 яаж хувааж авав, тэр харьцаагаар хувааж ирвэл энд чанар адилхан. Тэгэхгүй бол ноднин /1990 он/ жилийн сонгуульд энийг хийх гээд бид чадаагүй шүү дээ. Тэр бол маш их будилаантай бөгөөд маш их урхагтай бүх намууд тэр 75-д аль болох олон хүн оруулахын төлөө намууд ерөөсөө доор маш хүчтэй бодлого явуулна ингээд 75 хүн 1 намаас зонхилоод ороод ирвэл тийшээ Ерөнхийлөгчийн сонгуулийг чинь аваад явна шүү дээ.

Р. Гончигдорж:- Төлөөлөн сонгогч бол тэр тойрог дахь орон нутгийн төлөөллийн шинж байхаас улс төрийн намуудын төлөөллийн шинж байхгүй. Чухамхүү тэр үүднээс нь оруулъя. Тэгэх юм бол дэвшүүлэх субъект нь засаг захиргааны нэгж, ямар нэгжин дээр харьцангуй бүлэглэж орох, баг багаас... Сонгуулийн хуульд тусгана шүү дээ.


Б. Чимид:- Комисс төсөл дээр ерөөсөө 50-иас дээш хувийн санал авсныг яах вэ гэдгийг шийдсэн хэрэг. Ардуудын санал авахаар олонх нь шууд сонгоё гээд байгаа юм. Тэгэхээр төсөл 2 шаттай Хоёр шаттайдаа монголын өвөрмөц онцлогтой, тэр нь парламентад өгсөн байх ёстой. Одоо бол 1 шаттай болгох, 2 шаттай болгох уу гэж байх шиг байна. Аль ч тохиолдолд дахин сонгууль явахыг ерөөсөө үгүйсгэж чадахгүй. Ард түмнээс шууд сонгох, дахин сонгууль явах үндэс гараад байгаа юм. 5, 6 хүмүүсийн аль нь ч 50 хувь авахгүй бол тэр дахиад сонгууль явуулна.

Сонгууль гэдгийн учир бол энэ бол бүдүүлэг биш., бүх орны практик, оролцсон сонгогчдын олонхын санал аваагүй хүнийг сонгогдсонд тооцдог 1 ч аргыг би мэдэхгүй. Америкийн сонгууль гэж буруу ярьж байна. Америкийн сонгууль 2 шаттай. Эхнийх дээр нь 4, 5 хүн дэвшүүлдэг, нийт сонгогчдын санал хураадаг. Нийт сонгогчдын санал хураасны дараа хамгийн олон санал авсан 2 хүнийг төлөөлөн сонгогчидтой оруулдаг. Төлөөлөн сонгогчид гэдэг бол парламентад хамаагүй. Муж бүрээс 2, муж улс бүрээс хэчнээн төлөөлөгчдийн доод танхим, хэчнээн депутат байна тэрний тоогоор нэг 1, колони мужаас 3, ингээд 538 хүн ирж сонгодог.

Яг 538 хүн байгаа, хаашаа ч хөдлөхгүй. Тэгэхээр хамгийн эхний хэлэлцүүлэг дээр Улаанхүү төлөөлөн сонгогч оруулъя гэж санал тавьсан, би сая санаж байна.Тэрийг дэмжихгүй гэж хэлээгүй, дэмжиж болно. Төлөөлөн сонгогчид хэрэглэх гэж байгаа бол анхны шатны сонгуулийг ард түмэн хийхээс арга байхгүй. Тэгээгүй нөхцөлд төлөөлөн сонгох гэсэн ойлголт байхгүй, 1 дүгээрт. Хоёрдугаарт, ард түмний саналаар 50-иас дээш хүрсэн саналыг хүлээж авахгүй гэдэг асуудал гарвал хуучин төслөөрөө явъя, эсвэл дутагдалтай гэж шүүмжилдэг Австрийн систем байгаа. Тэр бол ганц шаттай бол ерөөсөө байж болно. Манайд орон нутгийн парламентад байхгүй шүү дээ. Тийм учраас төвөгтэй байна. Бид янз бүрийн вариант бодож үзье. Би бол бүх саналыг хүндэтгэж байна. Хэрэв төлөөлөн сонгогчид гэвэл төлөөлөн сонгогчид бий болгон сонговол эндээ хамрах төсөл төлөөлөн сонгогчдын талаар 1 нэгийн харьцаатай байна гэвэл тойрог руу явъя. Өөрөөр хэлбэл, 20-30 мянган хүний дотроос 1 төлөөлөгч нь сонгогч болно. Орон нутгийн Хурал гэдэг маань аймгийн Хурал нь 21, цаана байгаа хот бол 368, ингээд 75 мөргөхгүй.


Н. Жанцан:- Төлөөлөн сонгогчтой тохиолдолд яаж Ерөнхийлөгчөө огцруулах вэ гэдэг асуудал гарна.

Б. Чимид:- Цөөхөн орон бий. Ард түмнээс сонгочхоод шууд парламентаас сонгосон орон байна. Саяын ОХУ-ын Үндсэн хуулийн хамгийн сүүлийн төсөл тэгж хийгдсэн байна. Тэр бол тэрүүний яриад байгаа хэдэн орныг авсан байна.Тэгэхээр олон вариант байгаа юм. Ард түмнээс шууд сонгоно гэхэд бас давхардаж дахин санал сонгууль явж магадгүй. Ганцхан дахиж сонгууль явагдахаас болгоомжилж хийж би бол хэрэггүй гэж бодож байна. Ертөнцөд байх ёстой юм байх ёстойгоороо байх ёстой. Харин 2 шат байхуу, 1 шат байхуу... Төлөөлөн сонгогчид хэрэглэх үү, үгүй юу. Энэ 2 бол зарчмын асуудал. Дараа нь болж өгвөл дахиж сонгууль 75 төлөөлөгч гээд төлөөлөн сонгогч гээд бас 1 сонгууль гараад ирнэ, оронд нь. Бас 1 сонгууль, бас 1 өрсөлдөөн гараад ирнэ. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд уулзалтын хуралд оролцож байсан хүн.

Д. Жанцан:- Чимид гуай, тасралтгүй сонгуулийг арилгамаар байна шүү дээ. Тасралтгүй сонгууль бий болно. Захиргаадсан арга биш, хөнгөлөлт хэрэгтэй.

Р. Гончигдорж:- Шууд ард түмнээс сонгох тухай асуудал дахин яригдсан. Өнөөдөр цөөнх хэвээрээ үлдлээ. Тэр бол яригдахгүй. Дараачаар нь парламентаасаа сонгох 1 шаттай байя гэсэн төлөөлөн сонгогчдын оролцлогоо байх эсэх нь энэ дотроо багтаагаад ярья. Цэвэр парламентын юм уу, эсвэл парламент+төлөөлөн сонгогчдын гэсэн ганц шаттай байна гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 10,
  • татгалзсан 26,
  • түдгэлзсэн 1, бүгд 42, дэмжлэг авахгүй байна.

Дөрөвдүгээр зүйл дээрээ ярья. 4 дүгээр хэсгийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 20,
  • татгалзсан 14,
  • түдгэлзсэн 3, дэмжлэг авч байна. Ингээд 2 шаттай гэдэг нь шууд тодорхой боллоо гэжээ.


Үргэлжлэл бий...                                                                                      Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

Related news