Хятад улс халуун цөмийн хамгийн том төхөөрөмж байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-09-15 11:43:14

ХОНКОНГ /South China Morning Post/. 2028 он гэхэд эрчим хүч үйлдвэрлэж эхлэх халуун цөмийн дэлхийн хамгийн том төхөөрөмж барихыг Хятадын засгийн газар зөвшөөрчээ. Энэ талаар тус улсын Инженерийн физикийн академийн профессор Пэн Шианжуэ мэдээлсэн байна. 


“Халуун цөмийн синтезийн урвал гэдэг бол орчин үеийн шинжлэх ухаан, технологийн сувд юм" гэж эрдэмтэн онцлон хэллээ. Түүний хэлснээр, халуун цөмийн эрчим хүчийг их хэмжээгээр үйлдвэрлэх нь хүн төрөлхтний хэрэгцээнд зориулж бүр их хэмжээгээр үйлдвэрлэх замд чухал үе шат болно.


Халуун цөмийн эрчим хүч үйлдвэрлэх уг төхөөрөмжийг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн засаг захиргааны төв болох Чэндү хотод 2025 он гэхэд барьж дуусгана. Пэн Шианжуэгийн хэлснээр, энэхүү төхөөрөмж нь Z-машин гэгддэг Америкийн ижил төстэй туршилтын төхөөрөмжөөс хоёр дахин их буюу 50 сая ампер цахилгаан гүйдэл үүсгэх ёстой гэнэ.


Өмнө нь Хятадын Шинжлэх ухааны академийн Плазмын физикийн хүрээлэнгийн орлогч дарга Ху Зяньшэн "Global Times" сонинд ярилцлага өгөхдөө, Хятад улс халуун цөмийн эрчим хүчний гол технологиудын судалгаа, боловсруулалтыг үндсэндээ дуусгасныг мэдээлсэн бөгөөд тус улс 30-50 жилийн дараа халуун цөмийн эрчим хүчийг ашиглах төлөвтэй байна. 

Related news