ХОВД: "Орон нутгийн зохиолчдын ном зүйн бүртгэл" шинэ номын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-17 16:57:18

Ховд/МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” үйл ажиллагааны нээлт өнөөдөр Ховд  аймгийн төв талбайд  боллоо.


Энэ жил " Илүү их уншъя" уриатайгаар бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулж буй. 


Номын баярын нээлтэд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү тэргүүтэй албаны төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, иргэд оролцов. 

Энэ үеэр “Номын сайн нөхөр” уралдаанд Цаст-Алтай цогцолбор сургуулийн Б.Ариунаа багштай 4а анги хамт олон “Тэргүүн байр” эзэлсэн тухай мэдээллээ. Мөн номын үзэсгэлэн худалдаа, гэр номын сан, монгол бичгийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж, иргэд олон нийтэд сурталчиллаа.


Ховд аймагт болж буй Номын баярын онцлог гэвэл Нийтийн номын сангаас эмхэтгэн гаргаж байгаа "Орон нутгийн зохиолчдын ном зүйн бүртгэл" шинэ номын нээлтийг давхар өрнүүлэх юм. 

Уг үйл ажиллагаа энэ сарын 18-нд болох тул шинэ номыг сонирхон үзэх, уншихыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.  

Related news