ХОВД: Мянгад ардын 80 гаруй уртын дуу хадгалагдан үлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/. Мянгад ардын уртын дууны уламжлалт бэсрэг наадам энэ сарын 15-нд Ховд аймгийн Мянгад суманд болсон.
Энэхүү
наадмыг анх Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Г.Нямдаваа
санаачилсан бөгөөд Мянгад сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв, Сургууль хамтран ийнхүү долоо
дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Мянгад
ардын уртын дуугаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, уламжлалт
соёлыг хадгалан хамгаалах зорилго бүхий тус наадам хоёр үе шаттай өрнөсөн.
Нэгдүгээр
шатанд насанд хүрэгч 30 хүн, 15 хүүхэд цахимаар оролцож, зарим мартагдаж буй Мянгад
ардын уртын дууг сэргээн дуулсан байна.
Улмаар
хоёрдугаар шатанд насанд хүрэгч 16, хүүхэд 6 шалгаран оролцож, Мянгад сумын Соёлын төвийн
тайзнаа уртын дуугаа сонордууллаа.
Өөрийн
гэсэн өнгө төрх, үг, аялгууны давтагдашгүй ертөнцийг бий болгосон Мянгад ардын
уртын дууг өвлөн уламжлагч нарт энэ удаа зохион байгуулагчдын зүгээс гарын
бэлэг, мөнгөн шагнал олгов.
Мөн
энэ үеэр зохион байгуулагчид, ахмад ардын авьяастнуудын зүгээс цаашид мянгад ардын уртын дуугаа бүгд сурахыг
хүүхэд, залуучууд, нийт иргэдэд хандан уриаллаа.
Мянгад
ардын 250 гаруй уртын дуу байдаг. Үүнээс 80 гаруй уртын дуу нь мянгад түмний
ахуй амьдрал, өв соёлтой холбогдон олонхоороо дуулж, өдгөө хадгалагдан үлдсэн
гэх судалгаа гарчээ.
Зарим судлаач, ахмадуудын хэлж байгаагаар сүүлийн үед хүүхэд багачууд уртын дууг сонирхон сурч байгаа нь сайшаалтай. Гэвч уртын дууны олон янзын нарийн хэмнэлийг зөв сурах, дууны өнгө төрх, хэв маягийг аль болох өөрчлөхгүй, яг л байгаагаар нь уламжлах нь хамгийн чухал байна.
Зарим хүүхдүүдийн дуулж байгааг сонсоход
тухайн дууны өнгө аяс, айзам нь өөрчлөгдсөн байгаа тул энэ тал
дээр мэргэжлийн багш нар, хүүхдэд зааж сургаж буй хүмүүс цаашид анхаарах нь
зүйтэй гэв.
Ташрамд,
Мянгад угсаатан нь ихэвчлэн Ховд аймгийн Мянгад суманд аж төрж байна. Анх Хөвсгөлийн
Хотгойдоос 1766 онд нүүж ирсэн үеэсээ эдүгээ хүртэл идээшин дассан Алтан хөхий
уулын өвөрт Хар-Ус нуур, Ховд голын хөвөөгөөр нутаглаж буй.
Мянгад
сум нь Ховд аймгийн нутгийн хойд захад өмнө, баруун өмнө талаараа Буянт, Ховд,
Эрдэнэбүрэн сумтай, хойд талаараа Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумтай, Зүүн
талаараа Дөргөн сумтай тус тус хиллэнэ.
Аймгийнхаа
төвөөс 37 км, Улаанбаатар хотоос 1470 км, Увс аймгаас 210 км, Баян-өлгий
аймгаас 350 километрт орших бөгөөд шил, говь, гол хосолсон 325.5 мянган га
нутагтай.