ДАРХАН-УУЛ: “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт дөрвөн хүүхэд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-19 21:55:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорчээ.  

Журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангах аж.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт тус аймгаас дөрвөн хүүхэд шалгарчээ. Тодруулбал  “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн төгсөгч Эрдэнэбатын Ануу, Орхон сумын ЕБС-ийн төгсөгч Энхтөрийн Яруу-Алдар, Хонгор сумын ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн төгсөгч Мөнх-Очирын Мөнх-Оргил, Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн төгсөгч Лхагвадоржийн Нандин-Эрдэнэ нар шалгарчээ.

Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр журмын шалгуурыг шалган, болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг аж. Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн Боловсролын газраар баталгаажуулан, нийт 415 хүүхдийн нэрийг зарлажээ.

Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх аж. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгддэг ажээ.

 

 

Related news