ХӨВСГӨЛ: Их-Уул суманд мялзан өвчин бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-20 16:49:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд бог малын мялзан өвчин бүртгэгдлээ гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. 

Тус  аймгийн Рашаант суманд 8 дугаар сарын 31-нд бог малын мялзан өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.  Мөн хөрш зэргэлдээ Их-Уул суманд энэ сарын 15-нд энэ өвчний тохиолдол илэрчээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 1 хүртэл түр хориглоод байна. Мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг.


Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг. Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. Халдвар авсан үед халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг.

Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл малын эмч, мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, хорио цээрийн дэглэм тогтоосон газар нутгаар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас анхааруулж байна.

 

Related news