ХОВД: 30 гаруй малчин өрх гадны аймагт отроор өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-21 11:11:39

Ховд /МОНЦАМЭ/.  Бэлчээрийн ургамлын төлөв байдал, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан энэ өвөл Ховд аймгийн малчид отор нүүдэл хийх нь харьцангуй нэмэгдэх төлөвтэй байна.


Ховд аймагт энэ жил урьдчилсан байдлаар 3.9 сая толгой мал өвөлжих төлөвтэй.  Харин отор нүүдлийн тухайд,  Ховд аймгийн 32 өрхийн 41.6 мянган толгой мал энэ өвөл өөр (гадны) аймаг, сумын нутаг дэвсгэрт отроор өвөлжинө.


Мөн өөрийн аймгийн бусад сумын нутаг руу 429 өрхийн 257.8 мянган толгой мал отор нүүдэл хийх төлөвтэй байна.


Үүнээс гадна Дарви сум дахь отрын бүсэд 83 өрхийн 97.2 мянган толгой мал, хилийн зурваст 177 өрхийн 169.8 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай газарт 746.1 мянган толгой мал сүрэг отроор өвөлжих урьдчилсан тооцоолол гарсан гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


Малчин өрх малдаа тарга тэвээрэг авахуулах, малыг ялган нялх ногоонд цатгах, цас зудаас хамгаалах зорилгоор монгол зан заншил, соёлын өв, уламжлал, туршлагынхаа дагуу өвөл, хаврын отор нүүдэл хийдэг уламжлалтай.


Малчид отрын сүргийг бэлчээрийн шинж чанараар нутагт дасгах, таргалуулах гэсэн хоёр арга хэрэглэдэг. Зун, намрын отор бол тарга хүчний отор. Харин өвөл, хаврын отор бол бэлчээр сонгож мал сүргийг онд сайн оруулах отор юм. 

Related news