БАЯН-ӨЛГИЙ: Аялал жуулчлалын салбарын танилцуулга ном олны хүртээл боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-23 10:29:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээллүүдийг багтаасан "Баян-Өлгий. Аялал жуулчлалын танилцуулга" гарын авлага хэвлэлтээс гарлаа.


Уг гарын авлагыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас бэлтгэж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж буй "Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар эко системийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" (SPACES) төслийн дэмжлэгээр 500 ширхэг хэвлэжээ. Номыг дээрх төслийн аялал жуулчлалын төлөөлөгч Майки Куайтерс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Маратад хүлээлгэн өгөв.


Монгол, англи хэлээр хэвлэгдсэн гарын авлагад Баян-Өлгий аймаг болон сумдын товч танилцуулга, байгалийн үзэсгэлэнт газрууд, тус аймагт зохион байгуулдаг аялал жуулчлалын үйл ажиллагаанууд, аяллын маршрут, зочид буудал, жуулчны бааз, брэнд бүтээгдэхүүнүүд, үзвэр үйлчилгээний газрууд, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын талаар мэдээллүүдийг оруулжээ.


Аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээллүүдийг багтаасан ном олны хүртээл болсноор ард иргэд, гадаад, дотоодын жуулчдын Баян-Өлгий аймгийн талаарх мэдлэг нь дээшилж, салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байна.    

 

Related news