Канад “COVID-19”-тэй холбоотой хилийн хяналтын журмыг цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-09-27 14:09:38

ОТТАВА. /Xinhua/. Канадын Засгийн газар “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан тогтоогоод байсан хилийн хязгаарлалтын журмыг, хилээр нэвтэрч буй хүмүүст тавьж буй шинжилгээнд хамрагдсан байх, тусгаарлагдах шаардлагуудыг ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс цуцлахаар болжээ. 


Канадын Нийгмийн эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, “омикрон” хувилбарын “BA.4”, “BA.5” дэд хувилбарын тархалтын оргил үеийг давсан, вакцинжуулалтын түвшин өссөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдийн тоо буурч байгаа, мөн нэмэлт тун, түргэвчилсэн оношлуур, эмчилгээний хүртээмж зэргийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан байна.


Хэвлэлийн мэдэгдэлд дурдсанаар, цаашид хилээр нэвтрэх бүх хүн “ArriveCAN” хавсралт болон цахим хуудсаар эрүүл мэндийн мэдүүлэг илгээх, вакцинжуулалтад хамрагдсанаа батлах, ирэхийн өмнө болон дараа шинжилгээ өгөх, улмаар тусгаарлагдах шаардлагагүй болж байна.


Канадын Тээврийн яам мөн зорчих хөдөлгөөнд тавьж буй шаардлагуудаа цуцлах бөгөөд 10 дугаар сарын 1-нээс аялагчид агаараар болон төмөр замаар зорчихдоо эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, нисэх онгоц, галт тэргэнд амны хаалт зүүх шаардлагагүй болно. Мөн аяллын хөлөг онгоцтой холбоотой хязгаарлалтуудыг цуцална.


COVID-19” болон амьсгалын замын бусад халдварт өвчин өвлийн саруудад үргэлжлэн тархах төлөвтэй байгаа ч “COVID-19”-ийн вакцинжуулалтад, тэр дундаа нэмэлт тунд цаг тухайд нь хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг уриалж байна гэж Эрүүл мэндийн сайд Жан-Ив Дюкло мэдэгджээ.


Хэдийгээр амны хаалт зүүх журмыг цуцалж байгаа ч аяллынхаа туршид өндөр чанартай, өөртөө таарсан амны хаалт зүүхийг бүх аялагчид зөвлөнө гэж мэдэгдэлд дурдсан байна. 

Related news