Умард Солонгос цөмийн ашигласан түлшнээс плутони гарган авч байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-18 21:53:45

СӨҮЛ. /NHK/. Цөмийн ашигласан түлшнээс цөмийн зэвсэг хийхэд ашигладаг плутони гаргаж авах ажлыг Умард Солонгос сэргээсэн гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мүн Сан Гын пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос плутони гаргаж авахын тулд цөмийн ашигласан түлшийг дахин боловсруулсаар  байна. Энэ бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг илт зөрчсөн хэрэг” гэжээ.

Цөмийн ашигласан түлш бол цөмийн эрчим хүчний реакторт ашиглаж дууссан түлш бөгөөд өөртөө уран болон плутони зэргийг агуулж байдаг гэнэ.

Умард Солонгосын энэ үйлдэлд хариу арга хэмжээ авахын тулд Өмнөд Солонгос бусад улс болон олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллах болно гэж тэрбээр хэлэв.

2007 онд зургаан талын хэлэлцээрийн нөхцлийн хүрээнд Умард Солонгос Йонбен дэх цөмийн цогцолборын туршилтын реактораа ажиллуулахаа больсон боловч өнгөрсөн оны есдүгээр сард “Йонбен дэх бүх байгууламжийн үйл ажиллагааг сэргээсэн” гэж Пхеньян мэдэгдсэн билээ.

Г.Доржханд

Related news