Нобелийн долоо хоног эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-10-03 09:44:21

СТОКХОЛМ. /AP/. Нобелийн шагналын долоо хоног жил бүрийн 10 дугаар сарын эхээр эхэлдэг уламжлалтай. Энэхүү долоо хоногт шинжлэх ухаан, уран зохиол, эдийн засаг, хүний эрхийн салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.


Нобелийн долоо хоног даваа гаргаас анагаах ухааны салбарын шагналтныг тодруулснаар эхлэх бөгөөд мягмар гарагт физик, лхагва гарагт хими, пүрэв гарагт уран зохиолын салбарын шагналтныг тодруулна. Ийнхүү Энх тайвны Нобелийн шагналтан баасан гарагт, эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын 10-нд тус тус тодрох юм.


Анагаах ухаан, физик, хими, уран зохиол, энх тайвны салбарын шагналыг Шведийн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу олгож эхэлсэн түүхтэй. Анхны шагналуудыг 1901 онд буюу А.Нобелийг таалал төгссөнөөс таван жилийн дараагаас гардуулж эхэлсэн байна.


Шагнал тус бүрийг 10 сая крон /ойролцоогоор 900 мянган ам.доллар/ дагалддаг бөгөөд хүндэт диплом болон алтан медалийг 12 дугаар сарын 10-ны өдөр буюу А.Нобелийн 1896 онд таалал төгссөн өдөр гардуулдаг.


Харин Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагнал гэж албан ёсоор нэрлэдэг эдийн засгийн салбарын шагналыг тус банк 1968 оноос санаачлан олгож эхэлжээ. 1901-2021 оны хооронд Нобелийн шагнал болон эдийн засгийн шагналыг 609 удаа олгосон байна. 

Related news