ХОВД: Түүх, соёлын 600 гаруй дурсгалт газрыг бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-03 11:41:51

Ховд /МОНЦАМЭ/.   Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажил Ховд аймагт 82 хувьтай үргэлжилж байна.


Тус аймгийн хэмжээнд 716 түүх, соёлын дурсгалт газар, үүнд 1500-1600 орчим хиргисүүр, хүн чулуу, хөшөө байдаг гэх урьдчилсан тооцоо, мэдээлэл бий.  

Тухайн улс орны туулсан амьдрал, тодорхой цаг үеийг илэрхийлдэг зүйлсийн нэг нь хөшөө, дурсгалт газрууд юм. “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэн, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг хэлнэ гэж Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заажээ.

 

Иймээс дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд нэгдсэн үнэлгээ хийх, дурсгалын төрөл тус бүрийн эвдрэл, гэмтлийг тодорхойлох, мөн дурсгалт газрын нэр, газар зүйн солбицол, төрөл зүйл зэрэг зарим алдаатай мэдээллийг засаж сайжруулах, дурсгалын хадгалалт хамгаалалтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого"-ыг орон даяар хийж байгаа.  


Ховд аймгийн “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого зохион байгуулах салбар комисс”-ын ажлын баг 2022 оны наймдугаар сарын 24-нд Дуут сумаас тооллогын ажлаа эхэлжээ. 


Өнөөдрийн байдлаар Мөнххайрхан, Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст гэх мэт 14 сумын нутаг дэвсгэрт байрлах 600 гаруй дурсгалт газарт ажиллан, 6000 гаруй түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг нь тоолж, хиргисүүр, хөшөө зэргийг албан ёсоор бүртгэн баримтжуулаад байна.   


Ховд аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого ажил 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд дуусахаар байна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.   

Related news