ХОВД: Хөгжил политехник коллеж 120 гаруй байгууллагатай түншилдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-03 12:48:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж гадаад, дотоодын их, дээд сургууль болон  төр, хувийн хэвшлийн 120 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож ирсэн. 

Улмаар үйлдвэрлэл дээр суралцагчдыг дадлагажуулах, ажил олгогчдын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, үйлдвэрлэл дээр ажиллагсдыг чадавхжуулах чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг олон талын оролцоотой шийдвэрлэх зорилтын дагуу өнөөдөр “Ховд түншлэл-2022” сэдэвт төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөгөөн зохион байгууллаа.

Энэ үеэр түншлэгчдийн хамтын ажиллагааны  үр дүн,  амжилт ололт,  суралцагчдын мэргэжлийн ур чадвар эзэмшиж буй байдал, суралцах орчин нөхцөл, шинэлэг боломжууд, үйлдвэрлэл дээрх сургалтыг чанаржуулах арга замуудын талаар оролцогчид санал бодлоо солилцсон бөгөөд цаашдын хамтын ажиллагаагаа сайжруулах талаар гарц шийдлийг эрэлхийлэв.

Төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн үйл ажиллагаа, зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил тус үйл ажиллагааны хүрээнд Хөгжил политехник коллежийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан танилцуулж, мэргэжлийн ангиудын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, суралцагчдын бүтээлийг дэлгэн харуулсан өдөрлөг хийлээ.  

Тус коллеж нь хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 33 мэргэжлийн дагуу сургалтын үйл ажиллагаа явуулж байна.  

Энэ хичээлийн жилд 1172 оюутан суралцаж буй. Сүүлийн зургаан жилийн байдлаар тус коллежийн төгсөгчдийн 60-70 гаруй хувь нь ажлын байртай болжээ.   

Related news