Монголын хөрөнгийн зах зээлийг FTSE RUSSELL-ийн "Frontier market" ангилалд оруулахыг зөвшөөрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-04 15:03:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell группээс есдүгээр сарын 29-нд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан тоот ирүүллээ.


Албан тоотод Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлийн шалгуурыг бүрэн хангасан тул 2023 оны 9 дүгээр сараас тус ангилалд оруулахыг зөвшөөрсөн тухай мэдэгдэн баяр хүргэжээ. Тус байгууллага нь мэргэжлийн хөрөнгө оруулагчаас тавьдаг техникийн хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн дагуу олон улсын зах зээлийг “Хөгжиж буй”-гаас “Өндөр хөгжсөн” хүртэл үндсэн 4 зэрэглэлээр ангилдаг. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар "Хөгжиж буй зах зээл"-ийн ангилалд Болгар, Эстони, Казахстан, Латви, Литва, Вьетнам зэрэг 29 улс багтсан байна.


МХБ нь өнгөрсөн хугацаанд дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлийн зэрэглэлтэй болгох үүднээс төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр зах зээлийн зохицуулагч, дэд бүтцийн байгууллагатай хамтран ажиллаж, дотоодын зах зээлд гарч буй ахиц дэвшил, өөрчлөлтийн талаар FTSE Russell группд улирал тутамд танилцуулсны дүнд манай улсын зах зээлийг 2021 оны 9 дүгээр сард "Хөгжиж буй зах зээл"-ийн "Ажиглалтын жагсаалт"-нд оруулсан байв. Ийнхүү 1 жилийн дараа "Ажиглалтын жагсаалт"-наас "Хөгжиж буй зах зээл" ангилалд албан ёсоор оруулахыг зөвшөөрсөн байна.


Манай улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн нь олон улсын хөрөнгө оруулалтыг татах, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмж, хөгжлийг хурдасгах ач холбогдолтойг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ

 

Related news