ХОВД: "Шинэ цагийн илгээлтийн эзэд" үйл ажиллагаа өрнөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-10 17:12:57

Ховд /МОНЦАМЭ/. “Шинэ цагийн илгээлтийн эзэд” үйл ажиллагааг Ховд аймагт хоёр дахь удаагаа зохион байгууллаа.    


Тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хүүхдийн нэгдсэн зөвлөл, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль хамтран малчин, тариаланчдад туслах залуучуудын санаачилгыг дэмжих замаар улс орны бүтээн байгуулалт, хөгжилд залуу, өсвөр үеийнхний оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, сурталчлах зорилгоор энэхүү үйл ажиллагааг эхэлжээ.      

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан сумдад мал оторлох, хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх, малд тарилга туулга хийх, хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах гэх мэт өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил өрнөж байгаа.   

Иймээс эхний ээлжинд оюутан, суралцагчид орон нутгийнхаа сүүний хэрэгцээг хангаж байгаа “Цант” фермийн үйл ажиллагаатай танилцаж, ажилд  нь тусалсан.  Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт үйл ажиллагаа явуулж буй “Цант” ферм нь аймгийн төвийн иргэдийг жилийн дөрвөн улиралд сүү, таргаар хангах зорилтынхоо хүрээнд өдөрт 300-400 литр сүү сааж, зах зээлд нийлүүлж байна.    


“Шинэ цагийн илгээлтийн эзэд” үйл ажиллагааны хүрээнд оюутан, суралцагчдын очиж, тусалсан дараагийн газар бол “Арвижих фарм” ХХК.  

Малын тэжээлийн ургамлыг орон нутагт тариалж, Тэжээлийн үйлдвэр байгуулах томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа “Арвижих фарм” ХХК  энэ жил 160 га талбайд эрдэнэ шиш тарьж, өдгөө ургацаа хураан авч байна. 


Малын тэжээлийн зориулалт бүхий эрдэнэ шиш тариалсан нь тус компанийн анхны туршилтын ажил бөгөөд энэ сарын 8-9-нийы өдөр 50 орчим оюутан, суралцагч ургац хураалтын ажилд нь сайн дураараа тусаллаа.      


“Шинэ цагийн илгээлтийн эзэд” үйл ажиллагаа нь өсвөр, залуу үеийнхэнд найз нөхдийн хүрээгээ тэлэх, мартагдашгүй дурсамж бүтээх, өөрийн төрөлх нутгийн иргэдийн амьдрал, ажил үйлст нь туслах, хөдөлмөрлөх зан үйлд суралцах боломж бүрдүүлж байна. Иймээс тус үйл ажиллагааг цаашид мөн тусгай хуваарь, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, залуучуудын хөгжил, оролцоог дэмжинэ гэж мэргэжлийн байгууллагууд онцоллоо.   

Оюутан, суралцагчдаар зөвхөн ажил хийлгээгүй, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр сургалт, мэдээлэл түгээж, залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулж, тэднийг идэвхжүүлж байгаагаараа онцлогтой.     

Related news