ХОВД: Сэтгэцийн эмгэгийн улмаас жилд дунджаар 350 хүн хэвтэн эмчлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-10 18:41:27

Ховд /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 10-нд “Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлал бий.


Хэн ч, хэзээ ч сэтгэцийн эмгэгээр өвдөхийг үгүйсгэх аргагүй
Сэтгэцийн эмгэг нь өдөр тутмын бухимдал, зан зүйлийн өөрчлөлт болон архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг байна.   

Судалгаанаас үзэхэд,  дэлхийн хүн амын 4 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаа. Хүмүүсийн тодорхой хувь нь сэтгэл түгшилттэй, нойргүйдэл, мэдрэл сульдаатай, сэтгэл гутрах эмгэгтэй хэмээн судалгаанд бүртгэгджээ.

Өнөөдөр Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын тасаг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчдэд сэтгэл заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх арга техник” сэдэвт сургалт зохион байгууллаа. 

“Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа тус сургалтад сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, мэдлэгээ өргөжүүлж байна.   

Ховд аймгийн хэмжээнд 600 гаруй хүн эмчийн хяналтад байгаа бөгөөд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын тасагт жилд дунджаар 350 хүн хэвтэн эмчлүүлдэг аж.  Үүний 170 гаруй нь  архины хамааралтай. 180 орчим нь сэтгэцийн бусад эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлдэг гэж  салбарын мэргэжилтнүүд хэллээ. 

Тааламжгүй, сөрөг мэдрэмжтэй байгаа хүмүүст сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад хүмүүсийг татан оролцуулах, сэтгэц, сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллага, хүний нөөцийг чадваржуулах,  цаашид энэ төрлийн үйлчилгээг сайжруулахад анхаарах шаардлагатай байгаа гэж эмч нар онцоллоо. Энэ хүрээнд сургалтын үйл ажиллагаа маргааш үргэлжилнэ.    

Related news