ГОВЬ-АЛТАЙ: Физикийн багш, сурагчид мэдлэг чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-11 12:38:20

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын физикийн багш, сурагчид онол, аргазүйн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна.


Физикийн хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгах, сурагчдын физикийн шинжлэх ухааны авьяас сонирхлыг хөгжүүлэх, физикт дуртай болгох, физикийн мэргэжлийн багш нарын онол, арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, улсын физикийн олимпиадын бэлтгэл үйл ажиллагааг сайжруулах зорилготой физикийн хичээлийн тав хоногийн вакуум сургалт  НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 2022 оны 10 дугаар сарын 10-наас эхэллээ.

Сургалтад физикийн мэргэжлийн 30 багш, шавь нарын хамт нийт 60 багш, сурагч хамрагдаж байгаа тухай аймгийн БШУГ-аас мэдээлэв.


Сургалтыг нийслэлийн “Эрхэт Эрдэм”, ”Оном” сургуулийн зөвлөх, Улсын физикийн олимпиадын найман удаагийн аварга, Монгол Улсын гавьяат багш Р.Бавуудорж, Улсын физикийн олимпиадын 2022 оны аварга, Шинэ үе сургуулийн Физикийн багш Г.Ариунболд нар чиглүүлэн явуулж байна.

2023 оны дөрөвдүгээр сард Говь-Алтай аймагт Монголын физикийн 34 дүгээр олимпиад зохион байгуулна. Уг сургалтыг олимпиадын бэлтгэл үйл ажиллагааг угтан явуулж байгаа бөгөөд багш, сурагчдыг хамтад нь хамруулж буйгаараа онцлог юм. 

Сургалтын дараа Нийслэлийн “Эрхэт Эрдэм”,”Оном” сургуулийн зөвлөх, Улсын физикийн олимпиадын найман удаагийн аварга, Монгол Улсын гавьяат багш Р.Бавуудорж, Улсын физикийн олимпиадын 2022 оны аварга, Шинэ үе сургуулийн Физикийн багш Г.Ариунболд нарын нэрэмжит Улсын физикийн 34-р олимпиадыг угтсан сорилго уралдааныг багш, ахлах, дунд гэсэн ангиллаар шалгаруулан шагнах юм. 

Сургалтын эхний өдөр тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар сургалтыг удирдан явуулж буй Монгол Улсын гавьяат багш Р.Бавуудорж, Шинэ үе сургуулийн Физикийн багш Г.Ариунболд нарыг болон физикийн багш нарыг хүлээн авч уулзан сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Related news