ДАРХАН-УУЛ: Тоон гарын үсгийг 14.000 гаруй иргэн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-28 14:37:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд тоон гарын үсэг авах 72 мянган иргэн байдаг аж. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14 мянга гаруй иргэн тоон гарын үсэг авчээ. Нийт хүн амын 16 ба түүнээс дээш насны иргэдийн хорин хувь нь тоон гарын үсэг авч, өдөр тутмын ажил, үйлчилгээнд хэрэглэж байна.

Тоон гарын үсэг нь хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид, олон нийтэд нээлттэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой ажээ. Тоон гарын үсэг гэдэг нь энгийн гарын үсэгтэй адил ашиглагдах бөгөөд гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг юм. Тодруулбал тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй аж.

Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг иргэний үнэмлэхний санах ой буюу чип, ухаалаг гар утасны аппликейшнээр дамжуулан олгож байна. Иргэд харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байрлах бүртгэлийн нэгжид хандан тоон гарын үсэг авах боломжтой аж.

 

Related news