ГТБҮ-ийн инженерчлэл, худалдан авалт барилга угсралтын ажлын тендер зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-28 14:39:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГТБҮ-ийн хамгийн сүүлийн буюу EPC 04 багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын тендерийг зарлалаа.


Багц ажил буюу Үйлдвэрийн гүн боловсруулалт, патенттай технологийн байгууламжуудад Устөрөгчийн үйлдвэр, Хүхэр ялгах, Висбрекинг, Гидрокретинг, Шингэрүүлсэн шатдаг хийн цэвэрлэгээ, Дизелийн гидроцэвэрлэгээ, Бензин боловсруулах байгууламж багтана. Эдгээр байгууламжийн Технологийн лиценз эзэмшигчид болох UOP Honeywell (АНУ), Axens (Франц), Kinetics Technology (Итали), Shell (Нидерланд) компани байгууламж тус бүрийнхээ зураг төсөл, инженерчлэлийн багцыг боловсруулж дуусаж байгаа бөгөөд энэ нь EPC 04 багц ажлын тендерийн техникийн хэсэг болж, ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаад байгааг Монголын Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК мэдээлэв.


Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх технологийн байгууламжийн нарийвчилсан зураг төслийг хийж, барилга угсралтын ажил ирэх оноос өрнөх нөхцөл бүрдэх юм.


Одоогоор "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК Энэтхэг, Итали, Франц, АНУ,  Нидерланд, БНХАУ зэрэг улстай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү өндөр технологи, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтад дотоод, гадаадын мянга гаруй инженер, мэргэжилтэн оролцож байгаа аж. 



Related news