ДАРХАН-УУЛ: Европын холбооны хотуудын тэргүүн туршлагыг судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Дархан-Европын бүс нутгийн форум, төслийн нэгж болон бизнесийн салбарын төлөөллүүдээс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг Европт айлчилж байна.
Энэ удаагийн айлчлал нь "Ухаалаг
хот-Ногоон хот"
сэдвийн хүрээнд зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн
зорилго"-д нийцүүлэн төр, хувийн хэвшил, их, дээд сургуулийн түншлэлийг
бэхжүүлэх замаар орон нутагт нийгэм, байгаль орчин, эдийн засагт тогтвортой
өсөлтийг хангах зорилгын хүрээнд болж байгаа ажээ.
Айлчлалын эхний өдөр Бүгд Найрамдах Турк улсын Мармара мужийн хотуудын холбооны үйл ажиллагаатай танилцах, Стамбул хотын захиргааны дэргэдэх ISBAK IN TURKEY мэдээлэл технологийн компанийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо.
Мармара мужийн хотуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Найрамдал төслийн ДЕФ-ын гишүүн ноён Самил Арслан Бүгд Найрамдах Турк улсын ДНБ-ий 45 хувийг үйлдвэрлэдэг, нийт хүн амын 1/3 бүхий 11 хотын нэгдсэн холбооны олон туршлагаас хуваалцжээ.
Хотууд хамтран улс төрөөс үл хамаарсан ТББ байгуулан асуудлуудаа ярилцаж, хамтран шийддэг энэ туршлага Европын улс орнуудын сайн туршлагуудын нэг кейс аж. Жишээ нь Мармара мужийн хотуудын холбоо нь жилд 15.000 төрийн албан хаагчдыг холбогдох чиглэлүүдээр чадавхжуулж сургадаг, зургаан үндсэн чиглэлээр судалгааны төв ажиллуулдаг, их дээд сургуулиудтай нягт хамтран ажиллаж, жилд нийгмийн захиалгад нийцсэн 10 доктор, 5 магистрын судалгааны ажлыг тэтгэлэгт хамруулан нийгэмд тулгамдаж буй асуудлуудын зөв гарц гаргалгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийдэг ажээ.
Түүнийгээ үндсэн үйл ажиллагааныхаа бодлого болгон хэрэгжүүлж, хотуудын
засаг захиргааны бодлогын алба, хэлтсүүдийн дарга нар бүхий төрийн дунд шатны
менежерүүдийн нэгдсэн платформ бий болгож асуудлуудаа хамтран шийддэг гэв.
Мөн гадаад, дотоодын
брэнд болсон үйл ажиллагааг зохион байгуулдаг зэрэг таван тэнхлэгт бодлогын 21 зорилтын
хүрээнд хэрэгжүүлдэг 71 төсөл хөтөлбөрийн сайн туршлагуудыг дэлгэрэнгүй
хуваалцжээ.
Энэ уулзалтын дараагаар бизнес
эрхлэгчдийн төлөөлөл болох “Өег” гурилын үйлдвэрийн захирал А.Батсуурь Бүгд Найрамдах Турк улсын "Эрис" гурилын үйлдвэрийн
бүс хариуцсан гадаад худалдааны менежер Мухамид Аломари нарын бизнес уулзалт, “Их мориг” ХХК-ийн захирал Б.Бадрахмаа Бүгд Найрамдах Турк улсын "Ислэк
Гида" компанийн захирал Эркан Ислэкэ нарын бизнес уулзалт боллоо.
Уг уулзалтаар цаашид хамтран ажиллах
чиглэлээр санал солилцов. Нэг сая өндөглөгч тахиатай "Ислэк Гида" компани нь өдөрт 600.000
өндөг зах зээлд нийлүүлдэг, сангасныхаа 50 хувийг боловсруулан хийн түлш гаргаж эрчим хүч үйлдвэрлэдэг, 50
хувийг боловсруулж бордоо үйлдвэрлэдэг ажээ. “Их мориг” компанийн захирал Б.Бадрахмааг
Анталья дахь үйлдвэртээ хүрэлцэн ирж танилцахыг урилаа.
Төлөөлөгчид 23 улстай хамтын
ажиллагаатай, Бүгд Найрамдах Турк улсын 43 хотын ухаалаг шийдлийн төлөвлөлтийг боловсруулдаг Стамбул хотын захиргааны дэргэдэх ISBAK IN TURKEY мэдээлэл технологийн
компанийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутагтаа хэрэгжүүлж болох
тэргүүн туршлагаас хуваалцжээ.
Уг компанитай Найрамдал төслийн
хүрээнд ухаалаг Дархан хотын дизайн төлөвлөлтийг боловсруулан, зорилтот төслийг
хамтран хэрэгжүүлэх санал солилцож, талууд хэрхэн ажиллах байр сууриа
илэрхийлжээ.
Ташрамд, Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн
засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, Европын холбоо -
Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх "Найрамдал" төслийг
хэрэгжүүлэхээр өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийсэн. Энэхүү төсөл нь 2022-2025 он
хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд дараах зорилтот
төслүүд хэрэгжихээр тусгажээ. Үүнд:
Хамтын ажиллагааг өргөжүүлэх
Иргэдийн оролцоот засаглал
Европ-Дарханы Инновац, Энтрепренершип
төв байгуулах
Дархан хотын дэд бүтэц, ногоон
байгууламжийг сайжруулах зорилтот төслүүд багтаж байна. Төсөл хэрэгжсэнээр сайн
засаглалыг хэрэгжүүлж төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа
сайжирч санхүү, хүний нөөц нэмэгдэх, Европын холбооны хотуудтай хамтын
ажиллагаагаа бэхжүүлэх давуу талтай ажээ.