Дотооддоо жилд дунджаар 60 орчим кино бүтээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-11-15 12:33:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яам, Монголын кино урлагийн зөвлөл хамтран Соёлын бүтээлч сарын хүрээнд “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.


Энэхүү зөвлөгөөн нь Кино урлагийн зөвлөл байгуулагдсаны дараах анхны хэлэлцүүлэг болж байгаа бөгөөд салбарын шинэ хууль, эрх зүйн орчин, кино салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг салбарын нийт уран бүтээлч, оролцогч талуудад танилцуулах, дунд болон урт хугацааны бодлого, стратеги төлөвлөлтөд салбарынхны оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.


Зөвлөгөөнд салбарын 300 орчим уран бүтээлч, салбарын мэргэжилтнүүд оролцож байна.


Зөвлөгөөнд Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн Кино урлагийн салбарт төрөөс баримталж буй бодлого”, Монголын кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал Кино урлагийн салбарын бодлогын хэрэгжилт”, Ардын жүжигчин, Урлаг судлалын ухааны доктор, кино найруулагч Г.Жигжидсүрэн Монголын кино урлагийн төрийн бодлогын хэлхээс”, Кино найруулагч Ж.Сэнгэдорж Монгол кино бүтээлийн өнөөгийн хандлага, нөхцөл байдал сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлж байна.

Мөн Монголын урлагийн ажилтны холбооны Киноны нийгэмлэгийн тэргүүн, кино найруулагч Д.Золбаяр, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг нар салбарын хүний нөөц, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалт маркетинг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.


Зөвлөгөөнийг Соёлын сайд Ч.Номин нээж үг хэллээ. Тэрбээр Монголын кино зах зээлийн талаар танилцуулж, кино урлагийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй бодлогын ажлын талаар мэдээлэл өгөв.

Тухайлбал, Соёлын яамнаас 2019-2020 онд явуулсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаагаар Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 80 кино студи, продакшн, 9368 суудал бүхий 15 кино театр, онлайн түгээлтийн 8 платформ, 700 орчим мэргэжилтэн ажиллаж, жилд дунджаар 60 орчим дотоодын кино бүтээдэг байна. 2020 оны байдлаар кино, дуу дүрсний салбар тухайн жилдээ 850 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон бөгөөд судалгаанд оролцогчид кино, дуу дүрсний салбарын энэхүү орлого нь шууд болон дам байдлаар дуу хөгжим, утга зохиол, маркетинг сурталчилгаа зэрэг бусад салбартаа нөлөөлж байгаагаас гадна түүх, соёлын үнэт зүйлсээ кино урлагаар дамжуулан олон нийтэд таниулах, олон нийтийн санаа бодол, хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Соёлын яамнаас кино урлагийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн өнгөрсөн 8-р сард Засгийн газрын хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих 2032 он хүртэлх арга хэмжээний төлөвлөгөө, 2027 он хүртэлх төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг батлан хэрэгжүүлж байгаад кино, дүрсний урлаг багтаж байна. 

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Франц улсад зохион байгуулдаг “Каннын кино наадам”-д анх удаагаа Соёлын яамны дэмжлэгтэй Монгол уран бүтээлчид оролцож,  Монголын кино зах зээл, хууль эрх зүйн орчныг олон улсад сурталчлан танилцуулсан зэргээр кино урлагийн салбарын хууль хэрэгжиж байна. 

Өнөөдрийн байдлаар Соёлын яам Кино урлагийн зөвлөлөөр дамжуулан дэлхийн 101 орны киноны хууль, журам, олон улсын 327 хамтын бүтээл бүтээх гэрээ, 20 соёлын шалгуурын хүрээнд кино урлагийг дэмжиж, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн сацуу кино урлагаар дамжуулан үндэсний дархлаа, хэл соёлоо хадгалан хамгаалж, ирээдүй хойч үедээ кино урлагийн өвийг үлдээх ажлыг хэрэгжүүлж байна.






Related news