СОЁЛЫН ЭЛЧ: Х.Дамдинсүрэн: Бид Монгол Улсын элч гэсэн том хариуцлага хүлээсэн нэрийн хуудастай хүмүүс

ТОЙМ
192@montsame.mn
2022-11-15 14:45:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын элч, продюсер, куратор, соёлын менежер, урлаг судлаач Х.Дамдинсүрэнтэй ярилцлаа.


-Та хөрш ОХУ-тай олон жил холбоотой явж, олон байгууллагатай хамтран ажиллаж иржээ. Энэ бүхний эхлэл хэзээ, яаж тавигдсан бэ?

-Орос оронд их, дээд боловсрол эзэмшсэн тэр үеэс эхтэй гэж хэлж болно. 1997 оноос хойш Орос улстай холбоотой соёл, урлагийн үйл ажиллагаанд тогтмол оролцож хийж, зохион байгуулж ирсэн. Хуучнаар ЗХУ дахь монгол оюутнуудын соёл урлагийн наадамд байнга оролцон ажиллаж ирсэн. Оюутан байхдаа ч тэр, мөн аспирантурт сурч байхдаа ч гэр бүлийнхээ хамт Москва хотын мэр байсан Ю.Лужковын дэргэд болдог байсан соёлын үйл ажиллагаанд оролцон тусалж ажилладаг байсан.




Манай эхнэр Москвагийн Соёл урлагийн их сургуулийг төгссөн юм. Анхнаасаа төвлөрсөн үйл ажиллагаа болон телевизийн шоу контентын найруулагчийн мэргэжилтэй, шоу менежерээр төгссөн, мөн сургуульдаа соёл судлалаар докторын зэрэг хамгаалсан, найруулагч Г.Уянга гэдэг хүн бий. Дунд сургуульд байхаас соёл олон нийтийн ажилд эхлээд идэвхтэй оролцож ирсэн хүн. Ер нь соёл урлагийн тоглолт, шоу бизнес гэдэг өөрөө материал судлал, тоног төхөөрөмжөөс эхлээд арт болон бусад урлагтай холбоотой, аль ч салбарт хөрвөх чадвартай мэргэжил юм.


Бид хоёрын мэргэжил өнөөдрийн энэ бүхний эх үндэс болсон гэж хэлж болно. Улмаар энэ салбар, мэргэжилдээ дурлаж, Соёлын элчээр томилогдсон. 2000 оноос эхлээд тухайн үеийн залуучуудын сонирхдог байсан, Оросын алдартай “Иванушки интернэшнл” хамтлаг болон дуучин А.Губин, Алсу нарыг эх орондоо урьж тоглуулан соёлын үйлчилгээг зах зээлд нийлүүлж ажиллаж байлаа. Шоу бизнес гэсэн энэ салбарыг тэгээс нь эхлүүлэн өдий хүртэл бүх төрөл, жанраар нь туршин хөгжүүлэн ажиллаж ирсэн. Олон сайхан уран бүтээлч нартай ажиллаж байна.


Анх эхлээд гадаадын дуучдын аяллын тогтолтыг зохион байгуулдаг байсан бол дараа нь “Louis Vuitton” брэндийн зэрэг дэлхийн хэмжээний том төвлөрсөн үйл ажиллагааг хийдэг болсон. Энэ бүхэн дээр бид тайз засал, дэлгэц, дуу хөгжмийн аппаратур, техник, тоног төхөөрөмжөөс эхлээд найруулга, төлөвлөлт гээд соёл урлагийн арга хэмжээнд суралцан шинэ зүйлүүдийг нутагшуулаад 25 жил болж байна.


Энэ дээрээ үндэслээд “Sound of Mongolia” компани байгуулан ОХУ, БНХАУ, АНУ-д, Франц, Итали зэрэг олон оронд соёлын өдрүүд болон экспо зэрэг бусад олон үйл ажиллагааг зохион байгуулж, дэлхийн олон арт фестивал, галерейд оролцон эх орныхоо соёлыг сурталчлан түгээж ирсэн. Соёлын үйл ажиллагаа бол зах хязгааргүй орон зайд түгэж, орон орны хүмүүст аз жаргал, сайн сайхныг өгч, нийгэмд гэрэл гэгээ цацруулж, харилцан солилцон нэвтэрч байдаг их том салбар юм.


-Таны зохион байгуулж ирсэн үйл ажиллагаанд хоёр орны нийт хичнээн хүн хамрагдсан бол?

-ОХУ-д зохион байгуулсан зөвхөн нэг үйл ажиллагаа “Хөх тэнгэрийн орон” гээд уран зургийн үзэсгэлэнгийн төслөөр авч үзэхэд нийтдээ 48 мянган хүн үзсэн байдаг. Үүнийг тасалбараар тооцож гаргасан юм. Монголд зохион байгуулсан бусад концерт гэхэд нэг удаадаа 1200 хүн, Моисеевийн бүжгийн концерт, төслүүд дээр гэхэд 10 мянга орчим хүн үзэж сонирхсон байдаг. Дээр дурдсан “Иванушки” хамтлаг болон Алсугийн тоглолтыг манай Төв цэнгэлдэхэд 33 мянган хүн үзэж байсан. Бусад үйл ажиллагааг оролцуулаад тооцоход Монгол, Оросын 100 мянган хүнийг хамарсан тоо бий.


-Соёл, урлагийн тоглолт, үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна таныг энэ чиглэлээр залуучуудыг сургаж бэлтгэдэг талаар сонссон. Энэ талараа тодруулна уу?

-Улс орнуудын соёл, урлагийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд бид гадны томоохон чуулгууд ирэхэд Монголын соёл урлагийнхныгаа мастер класс буюу мэргэжлийн өндөр түвшний мастерт бэлддэг. СУИС болон Монгол Улсын консерваторитой хамтраад мэргэжлийн бүжиг дэглээч нар, бүжигчид, балетчдыг бэлтгэдэг.


Улмаар ОХУ-ын их, дээд сургуулиуд, академид бидэнд дутагдаад буй нарийн мэргэжлээр хүмүүсийг суралцуулдаг. Мөн театр, урлагийн байгууллагын гэрлийн болон тайзны, дууны мэргэжилтнүүд, зураачдыг мастерт сургадаг, суралцуулдаг. Ер нь соёл урлагийн байгууллагуудыг хооронд нь холбож өгөх, шинэ түвшинд бусдаас суралцан, харилцах нь их чухал, үр дүнтэй байдаг.




-Техник, технологийн дэвшлийг дагаад соёлын үйл ажиллагаа хэр өөрчлөгдөн, хөгжиж байна?

-Тиймээ, дижитал болон цахимаар үйл ажиллагаа явуулах, үзэсгэлэн гаргах нь амар хялбар болсон. Бид чинь урд нь монгол гэр, үзэсгэлэнгийн стендээ аваад, галт тэргэнд ачаад явдаг байлаа шүү дээ. Одоо тийм үе өнгөрсөн. Сүүлийн жишээ гэхэд бид өнгөрсөн 9 дүгээр сард Монгол Улс ЮНЕСКО-д гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд АНУ-д болон Францад Монголын Соёлын өдрийг зохион байгуулсан.




Энэ хүрээнд бид Монголын тухай гэрэл зургийн цахим үзэсгэлэн гаргасныг та бүхэн сайн мэдэж байгаа. Энд би гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн бүтээл дээр куратор, продюсероор оролцон ажилласан. Энд мөн мэргэжлийн, аялал жуулчлалын, соёл судлалын, видео технологи, цахим салбарын мундаг залуучууд хамтраад 21 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Багаар ажиллахын үр дүн гарсан. Францад гэхэд бид Монголынхоо наадам, говь, ахуй амьдрал гээд юуг гаргаж, нийлүүлж танилцуулах вэ гээд 2000 гэрэл зургаас сонгоод үзэсгэлэнгээ гаргасан. Франц хүний сонирхож буй байгалийн үзэсгэлэнг харуулах гэх мэтээр бид бүтээлүүдээ сонгосон. ЮНЕСКО-д бүртгэлтэй эх орныхоо биет бус өв соёлоо багтаан дэлгэж үзүүлсэн.



Энэ бүхэн нь Европын жуулчдыг эх орондоо татах, өв соёлоо сурталчлах зорилготой байлаа. Тэгээд Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч нар ЮНЕСКО-д орсон өвүүд дээр тулгуурласан концерт тоглосон нь их зохицсон. Энэ шиг л бид орчин үеийн технологийг ашиглаад, орчин үеийн хүмүүс юуг, ямар зүйл сонирхож байна гэсэн тэр дур сонирхол, зах зээлд нь тааруулсан бүтээгдэхүүнээ хийх хэрэгтэй болж байгаа юм.




-Энэ онд болсон Дэлхийн монголчуудын болон Соёлын элч нарын чуулга уулзалтаар дэлхийн хөгжлийн хандлага, нөхцөл байдалтай холбоотойгоор Соёлын элч нарын үйл ажиллагааны чиг үүрэгт өөрчлөлт орсон уу?

-Соёлын элч гэдэг мэдээллийг маш хурдан түгээж солилцдог, мөн үйл ажиллагаагаар дамжуулан хамтын харилцааны хөтөлбөрүүдийг их хөгжүүлдэг, соёлоор дамжуулан улс хоорондын хамтын ажиллагаанд тулгуур болж өгдөг, ийм үүрэгтэй хүмүүс юм. Түүнчлэн эх орныхоо соёлын биет болон биет бус өв, энэ талын соёлын контентыг хөгжүүлдэг хүмүүс. Энэ бүх ажиллагааг сан байгуулан, түүгээрээ дамжуулан түгээх талаар Дэлхийн монголчуудын болон Соёлын элч нарын чуулга уулзалтаар хөндсөн. Ер нь соёл, урлагийн контентгүй үйл ажиллагаа, арга хэмжээ гэж байдаггүй.



-Соёлын элч нар Соёл урлагийн сан байгуулж оролцож ажиллана гэсэн энэ сайхан санаачилгыг тодруулна уу?

-Энэ бол уг нь аль ч улс оронд байдаг, соёл урлагийнхан энэ сангаар дамжуулан ажилладаг, дэлхийн чиг хандлагын үйл ажиллагаа юм. Манай улсын ГХЯ-ны дэргэд Соёлын элч нарын Үндэсний зөвлөл гэсэн нийгэмд үйлчлэх үүрэгтэй ТББ болон сан байгуулсан. Энэ байгууллага нь өөрөө хөрөнгө мөнгөө босгоод гадаад, дотоодын соёл урлагийн тоглолтыг хаана ч хийж болно.


Тэр менежментээ зөв хийгээд явах юм бол гадны соёл урлагийг дэмжих сангуудтай харилцаад, Соёлын элч нар олон улсад өргөн цар хүрээнд, зөв ажиллах боломжтой юм. Одоогоор энэ Үндэсний зөвлөл маань удирдах зөвлөлийн 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгаа. Энд Соёлын элч нар чөлөөтэй орж, оролцож болно. Бид ер нь Монгол гэсэн том нэрийн хуудастай хүмүүс. Үүгээрээ бид эх орноо сурталчлан эвентын цогц үйл ажиллагааг хийж болно.


Гадаадын улс орнууд дахь Монголынхоо төвүүдтэй хамтраад ажиллах зэргээр бидэнд боломж их байна. Үүнийг бид хүлээж биш, энэ том үүрэгт ажлаа сайхан санаачлаад, салбар салбартаа, улс улсдаа маш хариуцлагатай хийх үүрэгтэй хүмүүс юм.


-Оны босгон дээр уулзаж байгаагийнх, ирэх онд хийх ажлуудыг тань сонирхоё? Юу юу зохион байгуулахаар төлөвлөж байна?

-Юуны өмнө ОХУ-ын Халимаг улсын “Тюльпан” чуулгыг Монголдоо урьж байгаа. Мөн алдарт Турецкий хор гээд найрал дууны хамтлагийг бүрэн бүрэлдэхүүнээр авчирч монгол үзэгчдэдээ толилуулна.


Мэргэжлийн өндөр түвшний тоглолтуудаас гадна дээр дурдсан, монгол мэргэжилтнүүдээ мастер класст суралцуулах ажлыг давхар хийх юм. Манайх мөн дүрслэх урлагийн салбарын “UB Art” фестивалийг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг. Ирэх онд 3 дахь удаагаа болох ёстой, ийм ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Related news